Монгол улс 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль гаргаж 1995, 1997, 2014, 2015 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 2014 онд анх удаа сүм хийд, шашны байгууллагуудын тооллогыг явуулж, дээрх байгууллагуудыг бүртгэлжүүлж мэдээллийн сан бий болгосон.
2014 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 10 орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 372 сүм хийд, шашны байгууллагыг тоолсон ажээ. Үүнээс 283 нь албан ёсны зөвшөөрөлтэй, 89 зөвшөөрөлгүй байгаагаас 234 нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгэгдсэн байв. Сүм хийд, шашны байгууллагын 61,3 хувь нь христийн шашны сүм цуглаанууд, 28,5 хувь нь буддын шашны сүм хийд байсан бол бөө мөргөлийн чиглэлээр 22 байгууллага, бахай, мүүн, шинто, хинду шашныг төлөөлсөн таван байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэж мэдээллийн санд багтсан ажээ.
Сүм хийд, шашны байгууллагатай харилцах асуудлыг Хууль зүйн сайд хариуцдаг бөгөөд эдгээр байгууллагууд Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэх үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар үнэлгээ хийх зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэг шалгалт явуулахын сацуу зөвшөөрөл болон бусад асуудлуудыг цэгцлэхээр болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна