• Эхлэл
  • ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт МҮҮНИЙ нөлөө ороогүй гэв

ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт МҮҮНИЙ нөлөө ороогүй гэв

2016/03/15

Монгол Ньюс мэдээллийн төвд өнөөдөр бага, дунд сургуулийн сурах бичгийг зохиодог эрдэмтэд, ЕБС-ийн багш нарын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар сүүлийн үед яригдаад буй монгол хэл, уран зохиолын сургалтын чанар, сурах бичгийн агуулгын талаар мэдээлэл өглөө. 

Мөн ЕБС-ийн хичээлийн агуулгад мүүний шашны нөлөө орсон эсэхэд хариулт өгсөн юм.  Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Хэл, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэг: “Аль ч оронд бага дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл явц байнга өрнөж байдаг. Сүүлийн жилүүдэд манай орон бага, дунд боловсролын салбарт чанарын шинэчлэл, тэр дундаа хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд бүх сургалтын хөтөлбөрүүд шинэчлэгдэж эхнээсээ ЕБС-иудад хэрэглэгдэж байгаа. Манай сургалтын хөтөлбөрийг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж боловсруулсан. Энэ багт доктор 15, ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нар, боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд гээд олон хүмүүс ажилласан юм.

Хөтөлбөрийг боловсруулах удирдамж чиглэлийг яамнаас томилсон ажлын хэсэг, баг ажилладаг. Дунд сургуулийн хөтөлбөрт хийгдэж буй шинэчлэлийг улс төрийн асуудалтай холбож үзмээргүй байгаа юм. 

Аль ч Засгийн газрын үед эх хэлний боловсролыг сайжруулах үйл ажиллагааг хийж ирсэн уламжлалтай” гэв. 

"БИД ХЭРЭГЛЭЭНИЙ ХЭЛ ЗҮЙГ ЗААХ НЬ ЧУХАЛ ГЭЖ ҮЗСЭН"

Дунд сургуулийн хөтөлбөр яагаад шинэчлэгдэх болсон талаар МУИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор М. Базаррагчаа “1980-иад оны сүүлчээс монгол хэлний агуулгыг өөрчлөх шаардлага аяндаа гарсан. Хуучин бол монгол хэлний хэл зүй заагаад өнгөрдөг байсан. Энэ нь амьдралд хэрэгцээ багатай байлаа. 

Бид хэрэглээний хэл зүйг заах нь чухал гэж үзсэн. Ингэхдээ эх дээр суурилж хэл, бичгийн хичээлийг явуулах шинэчлэлийг бид 2005 онд хөтөлбөртөө боловсруулсан. 

Эх дээр ажиллана гэдэг бол эхийг уншиж нарийн задлал хийнэ гэсэн үг. Хүүхдүүд эх дээр задлан шинжилгээ хийгээд дараа нь өөрөө зохиож бичих, түүнийгээ ярих, хүнд ойлгуулж сурах хэрэгтэй байдаг. Тийм учраас бидний хийсэн өөрчлөлт нэлээн хүндэвтэр зүйл байгаа. Одоогийн бидний хэрэгжүүлж буй ярих, бичих, сонсоход суурилсан хөтөлбөрийг боловсруулж байгаа нь хүнд эх зохиох чадварыг суулгадаг” гэв. 

Боловсролын энэхүү шинэчлэлийг улс төртэй хутгаж байгаад багш нар харамсаж буйгаа энэ үеэр илэрхийлээд олон нийтийн сүлжээнд цацагдсан номны зургуудад тайлбар хийлээ...

Эдгээр номнуудыг судлаад үзэхээр 2014 онд н.Наранбаатар гэдэг хүний гарын авлага, брошурууд байжээ. Томчуудад зориулсан юмыг нь өнгө будгаар будчихаар хүүхдийнх гэж андуураад явчихсан байсан аж. Олон нийтийн сүлжээнд энэ бүхнийг дунд сургуулийн сурах бичигт байгаа юм шиг яриад байгаа. Гэтэл энэ бол хувь хүний хэвлүүлсэн гарын авлага бөгөөд үүнийг тухайн үед нь салбарын сайд нь хориглочихсон юм билээ хэмээн тэд онцлов.

Дунд сургуулийн сурах бичигт иймэрхүү зүйлс байдаггүй гэдгийг зарим багш нар нотолж хэлэв. Хамгийн гол нь ямарваа сурах бичгийг зохиогоод шууд хэрэглэчихдэггүй бөгөөд маш олон шат дамжлага дамждаг гэв. 

Энэ талаар 12 дугаар сургуулийн багш н.Жавхлан “Би одоо V ангитай. Манай анги 40 хүүхэдтэй. Одоо хэрэглэгдэж буй сурах бичиг анх манай сургуульд туршигдсан. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа шиг тийм агуулга байхгүй. Өнгөрсөн дөрвөн жилд байсан өөрчлөлт хүн рүү чиглэсэн байсан гэж би харж байгаа. Үүнийг багш бид нар хүүхэддээ хүргэхийн төлөө мэрийж, өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байна” гэдгийг хэлэв. 

Монголын 27 мянган багш нарыг иймэрхүү асуудлаар “өвтгөж” болохгүй, олон нийтэд буруу мэдээлэл тараагаад байгаа хүмүүс Монголын багш нараас уучлалт гуйх ёстой хэмээн хэвлэлийн бага хуралд ирсэн багш нар онцоллоо.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ ОРСОН УУ?

Элдэв зураг, садар самууны агуулгатай жижиг номнууд сурах бичиг биш байсан гэдгийг олон эх сурвалжууд нотолсон. Тэгвэл V ангийн Монгол хэлний хичээлийн нэгэн даалгаврын зураг олон нийтэд хардлага төрүүлсэн юм. 

Дээрх номыг боловсруулсан хүмүүсийн талаар тодруулахад Ш.Оюунцэцэг “Энд байгаа хүмүүсээс сонгоод бич гэсэн даалгавар байгаа. Би зохиогчтой нь ярьсан. Ямар нэгэн санаа зорилго агуулаагүй, хэн нэгэн хүний талаар илтгэл тавих ёстой гээд жишээ болгож тавьсан болохоос биш энэ хүмүүсийг онцлоогүй гэж байсан. Зохиогчид нь АН-ын ч хүн биш. ЕБС-иудад насаараа ажилласан багш нар бий. 

Үүнийг санаатайгаар тавиагүй. Гэхдээ энэ бол бидэнд том сургамж болж байна. Хүний нэр усыг болгоомжтой, бодолтой тавихгүй бол нийгэм өөрөөр ойлгодог юм байна гэж би хувьдаа бодсон” гэсэн хариултыг өгсөн юм.

МУБИС-ийн доктор, профессор Ц.Өнөрбаян “Сүүлийн 30 гаруй жил би боловсролын хөтөлбөрт оролцож байна. 1990-ээд оноос хойш боловсролын шинэчлэл хэд хэдэн удаа хийсэн. Боловсролын шинэчлэлийн үе шат бүрт эх хэлний боловсролын агуулга, мөн чанар руу заавар өгдөг ямар ч Засгийн газар байгаагүй. Үүнийг би баттай хэлнэ. Тийм учраас эх хэлний боловсролын агуулгад алдаа гарсан байвал боловсруулсан багийнхны алдаа дутагдал болохоос биш дээрээс өгсөн заавар биш. 

Хоёрдугаарт БСШУЯ-наас албан ёсоор гаргаж буй, хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичгийг бүх сургуулиуд хэрэглэж байх ёстой. Мэргэжлийн бус сурах бичиг хэрэглэж буй тохиолдол зарим сургуулиудад байна. Тийм учраас ЕБС-ийн бүх сургуулиуд албан ёсны сурах бичгээ хэрэглээч ээ” гэв. 

Тэд сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон Ерөнхий боловролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгад Мүүний шашны нөлөө орсон уу гэдгийг эрс үгүйсгэж, улс төрийн нөлөө ч мөн адил орж байгаагүй хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. 


Сэтгэгдэл байхгүй байна