Улаанбурхан өвчний дэгдэлт 19-30 насныханд их байгаа учраас нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөж, Засгийн газарт танилцуулахаар болсноо Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.
Өчигдөр нийслэл, дүүргийн эрүүл төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой асуудлаар өчигдөр ярилцсан бөгөөд энэ үеэр дээрх мэдээллийг өгчээ.
2015 оны гуравдугаар сараас Улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 9383 Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Өвчлөлийн насаар авч үзвэл 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна
Өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна. Учир нь 0-8 сартай хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь есөн сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төв болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.
Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлах боломжтой, халдварлалтын түвшин 99 хувьтай хамгийн их халдвартай өвчин. Тиймээс нэрвэгдэхгүй байх нөхцөл бол өөрөө өөрийгөө өвчнөөс хамгаалах явдал гэдгийг салбар яамны Төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.
Одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин гарсан байна. Ялангуяа манай улстай хөрш зэргэлдээ БНХАУ-д энэ оны нэгдүгээр сард гэхэд л нийт 1366, ОХУ-д 100 орчим тохиолдол бүртгэгдсэнээс гадна Австрали, Камбож, Малайз, Филлипин, Вьетнам зэрэг Азийн орноос гадна Европын Их Британи, Голланд, Украйн зэрэг улсуудад бүртгэгдсээр байгааг ЭМСЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна