Бэлтгэл ажилтай танилцлаа
АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод 2016 онд хэрэгжүүлэх авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хянах 21 ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгүүд хуралдав.
Хурлаар гудамж тус бүрийн тохижилтыг хянах ажлын хэсгийн дарга нарын нэрсийг зарлаж, ажлын хэсэг тус бүрийн хариуцах талбайг байршлаар нь танилцуулж, ямар ажлууд хийж хэрэгжүүлэх талаар ерөнхий зааварчилгаа өглөө.
Хурлын дараа Олимп, Гэндэн, Нийслэл хүрээ өргөн чөлөөг хариуцсан ажлын хэсгүүд гудамжныхаа зам дагуу зураг авалт хийж, ААН-үүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон бөгөөд гэрэлтүүлэг, цахилгаан, тохижилт, инженер хангамжийн чиглэлээр шинээр болон шинэчлэн засварлах шаардлагатай газруудын зургийг авч төв штабт саналаа хүргүүлжээ.
Дээд түвшний уулзалтын үеэр ажиллах “Хэвлэлийн төв”-ийн төсөв зэрэг асуудлыг хэлэлцлээ
Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-ын түнш орнуудаас буцалтгүй тусламжаар нийлүүлэх зарим тоног төхөөрөмж, зочид буудлын тавилга хэрэгслийн жагсаалттай танилцсан бөгөөд тавилга хэрэгслийг АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах түнш зочид буудлуудад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх нь зүйтэй хэмээв.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг гадаадын 1000 гаруй сэтгүүлч ирж сурвалжлах төлөвтэй байгаа бөгөөд сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-д шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийн төсвийг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас танилцуулсан бөгөөд аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглан, зардал төсвөө хэмнэхийг Үндэсний зөвлөлөөс үүрэг болгосон байна.
Мөн дөрөвдүгээр сарын 21-23-нд Улаанбаатарт болох Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан аж. Уг арга хэмжээнд оролцох дотоодын төлөөлөгчдийн тоог даруй эцэслэхээр болсон бөгөөд дээд түвшний уулзалтын үеэр болох хүндэтгэлийн хүлээн авалт, бэсрэг наадмын хөтөлбөрийг хэлэлцэж баталжээ.
Энэ мэтчилэн АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд явагдаж үргэлжилсээр байгаа билээ.
Сэтгэгдэл байхгүй байна