• Эхлэл
  • 60 мВт-ын цахилгаан станц барих ажил тавдугаар сард эхэлнэ

60 мВт-ын цахилгаан станц барих ажил тавдугаар сард эхэлнэ

2016/03/17

Увс аймагт 60 мВт-ын цахилгаан станц концессээр барих шийдвэр гарсан. Үүний дагуу Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, “Баруун монголын энержи” компанийн захирал Б.Алтангэрэл нар концесийн гэрээ байгуулсан байна.

60 мВт-ын цахилгаан станц барих ажил хэзээнээс эхлэх талаар “Баруун монголын энержи” компанийн захирал Б.Алтангэрэлтэй утсаар холбогдож мэдээлэл авснаа хүргэж байна. 

- Увс аймагт үр ашигтай төсөл хэрэгжүүлэхээр удаан хугацаанд шаргуу ажиллаж, өнөөдөр гэрээ байгуулсан байна. Баяр хүргэе. 

- Баярлалаа. Увс аймгийг цахилгаан импортлогч биш экспортлогч аймаг болгох зорилготой 60 мВт-ын цахилгаан станц барьж байгуулахаар сүүлийн жилүүдэд шаргуу ажиллалаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, С.Отгонбаяр дарга зэрэг нутгаа гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр төсөл хэрэгжихээр болсонд баяртай байна. 

- Барилгын ажил хэзээнээс эхлэх вэ? 

- Ирэх 5-р сарын эхээр станцынхаа шав тавина. Энэ жилдээ багтааж газар шорооны ажлаа хийж дуусгана. Энэ хугацаанд Германаас бидний захиалсан тоног төхөөрөмж ирэх юм. Ингээд л барилга угсралтын ажил эхлэхээр төлөвлөсөн. 

- Цахилгаан станц барих ажил эхлэхэд л ажлын байр нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна? 

- Бид барилгын ажлаа эхлэхээс эхлээд л 500 орчим ажлын байр бий болно гэж харж байгаа. Барилга, угсралтын ажил эхлэхэд туслах ажилтнаас эхлээд мэргэжилтэй ажилтан хүртэл орон нутгаасаа авахаар төлөвлөсөн. Улмаар цахилгаан станц ажиллаж эхлэхэд орон нутагт 500 ажлын байр бий болно гэж харж байна.

Увс аймагт очиж станцын шав тавих үеэрээ аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулна. Энэ үеэр орон нутгаас хичнээн ажилтан авах, станц ажиллаж эхлэхэд шаардлагатай боловсон хүчин бэлтгэх талаар яриа хэлэлцээ хийнэ. 

Эх сурвалж-mglnews.mn


Сэтгэгдэл байхгүй байна