Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин нэг хуулийн төсөл боловсруулсныг хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр нь өргөн барилаа. Агуулгыг нь товчилбол Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл аж.
Утга нь хоёр хэсэгтэй. Эхнийх нь Засгийн газрын Ерөнхий сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд дөрөв УИХ-ын гишүүн байж болно. Мэдээж бусад нь давхар ажил алба эрхэлдэг байх ёсгүй.
Харин хоёр дахь нь хуулийн хэрэгжилтийг УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газарт мөрдөнө гэсэн агуулгатай. Тэгвэл түүний энэ саналыг одоогийн УИХ-ын гишүүд хуульчилж батлах болов уу.
“Давхар дээл”-ийг эсэргүүцэгч олон сайд өнөөдрийн Засгийн газрын танхимыг бүрдүүлж байгаа. Тэд сайд болохоосоо өмнө энэ асуудлыг дэмждэг байсан бол албан тушаал авахтайгаа зэрэгцэн УИХ болон гүйцэтгэх засаглалын ойлголцлыг төгөлдөржүүлэхийн тулд өөрийн санаа бодлоос ухарлаа гэх утгатай тайлбарыг хийж ирсэн.
Иймд дараа, дараагийн удаад сайд болох хүсэл сонирхолтой УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн энэ саналыг дэмжиж, унагаах нь юу л бол. Тэр дундаа Сонгуулийн тухай хууль жинхэнэ утгаараа одоогийн УИХ-ын 76 гишүүнийг дахин сонгогдох магадлалыг баталгаажуулсан гэгдэж байхад шүү дээ.
Дээр нь, УИХ-тай ойлголцохгүй бол Засгийн газрын ажил урагшаа явдаггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд та бидэнд нотолсон. Тиймээс Ерөнхийлөгчийн санал өмнө нь боловсруулсан бусад хуулийн төслүүдийнх нь хамт унах магадлалтай юм.
Тодруулбал тэрбээр Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг өмнө нь боловсруулсан. Гэтэл үүнийг нь УИХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн Улс төрийн намын тухай хуулийн төслийн тухайд ч УИХ нэгэнт дээрх утга бүхий шийдвэрийг гаргасан. Гол нь одоогийн УИХ-ын 76 гишүүн хуулийн төслийн агуулгыг нэгэн дуугаар дэмжсэн ч батлах цаг хугацаа нь болоогүй гэдэг тодорхой бус шаардлага тавьсан байдаг.
Ингэхдээ УИХ-ын 2016 оны сонгууль ойртохтой зэрэгцэн ийм хуулийн төслийг батлах нь эргээд намуудын чадавх болон гишүүдийнх нь үйл хэрэгт сөрөг нөлөөтэй гэж үзэж байв. Дээр нь, хэн хэн нь Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авбал өөрийнх нь нам муухай харагдана гэдгийг ойлгосон хэрэг. Үүгээр ч зогсохгүй улс төрийн намыг нийгмийн хог шаар мэт харагдуулах нь Ерөнхийлөгчийн хувьд үндэсний эв нэгдлийг хангах хамгийн чухал үүргээ үл ухамсарласан хэрэг гэцгээж байв.
Тэгвэл энэ удаагийн хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжих үү. Тэр дундаа одоогийн УИХ-ын гишүүдийн олонхи нь 6-2 удаа парламентад суусан байдаг. УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолтой гишүүдийг танадахад ч олонхи нь дахин нэр дэвших эс бол жагсаалтад багтах зорилготой байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл тэдний хэн хэн нь давхар дээлийн ашиг тус хийгээд боломж бололцоог бүрэн дүүрэн тодорхойлж чадсан эрхмүүд. Тиймээс өнөөдөр давхар дээлийг эсэргүүцэх ч маргааш дэмжих нь гарцаагүй.
Энэ тохиолдолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэний төлөө ойр ойрхон улс төрийн нэн шинэ тоглоомын дүрэм зохиож түүндээ олон нийтийг татан оруулаад байна вэ гэдэг сонин хэрэг юм. Тэр дундаа батлагдах нь бараг л худлаа тохиолдолд шүү дээ. Яг үүнтэй давхцан улстөрчид түүнийг Ерөнхийлөгчийнхөө албанаас 2017 оны зун буухтайгаа зэрэгцэн улс төрд эргэн орж ирнэ гэж хардах нь ч түгээмэл боллоо. Үүндээ бэлтгэж одоогийн УИХ-ыг ч, гүйцэтгэх засаглалыг ч муухай харагдуулах зорилгоор тоглоомын дүрэм зохиож, хүссэн ч эс хүссэн ч татан оруулах замаар ялагдагч болгоод байна гэх.
Гэсэн ч бодит нөхцөл байдал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг УИХ батлах цаг болсон гэдгийг судлаачид болон хувь улстөрчид санал нэгдэх нь бий. Гагцхүү хууль болж батлагдах дээрээ гацаж уначихаад байдаг. Иймд Ерөнхийлөгч тоглоомын дүрмээ зөөллөх эс бол тоглоомонд оролцох бусад намынхаа удирдлагуудтай эхлээд сайтар ойлголцох гэдэг хоёр сонголтод эзэн болох ёстой байж мэдэх юм. Хуулийн төслөө хууль болохыг харахын тулд шүү дээ.
Сэтгэгдэл байхгүй байна