“Монгол Улсад Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн хүрээнд “Хүртээмжтэй өсөлт ба хэвлэл мэдээлэл” семинар өнөөдөр боллоо.
2012 оноос хэрэгжиж эхэлсэн төслийн үр дүнд Монгол Улсад “Хүртээмжтэй өсөлт”-ийн тодорхойлолт гаргаж, өсөлтийн тэгш хүртээмжийг хэмжих 20 шалгуур үзүүлэлт боловсруулжээ.
Мөн өнгөрсөн оны сүүлээр батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар аливаа хөгжлийн бодлого, баримт бичиг хүртээмжтэй өсөлтийн зарчимд нийцсэн байхыг заасан байна.
Өнөөдрийн сургалтын зорилго нь бодлого боловсруулах үйл явцад нөлөөлдөг, нийгмийн асуудлыг хөндөн сурвалжилдаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад хүртээмжтэй өсөлтийн талаар бүрэн ойлголт өгөх, мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг тайлбарлан таниулах байлаа.
Ингээд “Монгол Улсад Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн Харилцааны зөвлөх Б.Уянгатай ярилцлаа.
-Эдийн засгийн хөгжлийн асуудалтай холбоотой бодлогын баримт бичгийн талаар эхлээд танилцуулбал, зүйтэй болов уу?
-Өнгөрсөн жилийн 11 сард Монгол Улсын үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсан.
Энэ хуулинд Монгол Улсын богино, дунд, урт хугацааны нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудалтай холбоотой бодлого шийдвэр нь хүртээмжтэй өсөлтийн зарчмыг хангасан байна гэж заасан.
Төслийн зүгээс нийгэм, эдийн засгийн бодлогын судлаачид олон улсын эрдэмтэдтэй хамтран олон улсад Хүртээмжтэй өсөлт гэдгийг хэрхэн ойлгож, бусад улс орон яаж хэмждэгийг судалж, мөн олон байгууллага, мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр манай орны онцлог нөхцөлд тохирсон хүртээмжтэй өсөлтийн тодорхойлолт, хэмжүүр үзүүлэлтүүдийг гаргасан.
-Хүртээмжтэй өсөлт гэж юуг хэлээд байгаа вэ?
-Эдийн засаг өсөхийн түүнээс цөөн хэдэн хүн ашиг хүртэх биш, тухайн улс орны бүх ард иргэн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлт зэргээр дамжуулан, ашиг хүртдэг, мөн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг байх боломжоор хангасан эсэхийг хэлдэг.
Мөн боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн хөгжлүүд, хөдөө орон нутагт зам харилцаа, ус, цахилгааны хангамжтай байгаа эсэхээс эхлээд нийгмийн халамжийг зорилтот бүлэгт хүргэж байгаа эсэх өргөн хүрээг хамарсан асуудал юм. Мөн уул уурхайн салбараас орж ирж буй хөрөнгө мөнгийг эдийн засгаа солонгоруулах, олон суурьтай эдийн засагтай болоход зориулж байгаа зэргийг багтаан ойлгож болно.
Сэтгэгдэл байхгүй байна