• Эхлэл
  • Н.Лүндэндорж Говь-Алтай аймгийн шүүхүүдэд ажиллалаа

Н.Лүндэндорж Говь-Алтай аймгийн шүүхүүдэд ажиллалаа

2016/03/18

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын шүүхүүдэд ажиллах албан томилолт 2016 оны 3 дугаар сар 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотоос эхэллээ. Хагас сарын өмнө тэрбээр Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллаж, 2000 гаруй иргэдтэй уулзалт хийсэн юм. Томилолтын ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан ажиллаж байна.

     Хөдөө орон нутаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 жилийн ажлын тайлан, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг танилцуулж, иргэдтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн талаар уулзалт хийх зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын ажлын хэсгийг Говь-Алтай аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд болон шүүгч ажилтнууд, Тахарын албаны бие бүрэлдэхүүн угтан авлаа.

     1940 онд байгуулагдсан тус шүүхийн байранд Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газар, Тавдугаар тойргийн Тахарын албаны Говь-Алтай аймаг дахь хэсэг, аймгийн прокурорын байгууллага тус тус үйл ажиллагаа явуулж байна. 

    Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд товч танилцуулгадаа “ Сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх 9 шүүгчтэйгээр шүүн таслах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Шүүхийн тамгын газар 24 ажилтантай. Иргэний хэргийн анхан шатны шүүх ачааллын хувьд нэг шүүгчид жилд дунджаар 264 нэхэмжлэл, гомдол хүсэлт ноогддог. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид жилд дунджаар нэг шүүгч 125  хэрэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчид жилд дунджаар 27 нэхэмжлэл ноогдож байна” гээд 2015 оны шүүн таслах ажлын мэдээллээс болон Шүүхийн тамгын газрын хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурьдлаа.

      Бусад аймгийн шүүхүүдтэй харьцуулахад 8 жилийн өмнө ашиглалтанд орсон, өрөө тасалгааны хувьд шаардлага хангасан тохилог байртай, 31 жил шүүхэд ажиллаж байгаа туршлагатай Тамгын газрын даргаар захиргаагаа удирдуулж буй Говь-Алтай аймгийн шүүх 2014 онд үйл ажиллагаагаараа улсдаа 2 дугаар байрт шалгарч байсан. Тамгын газрын зүгээс “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх олон ажлуудыг хийснээ тодотгов.  Хувь хүн байгууллагуудаас нийт 20 гаруй хүсэлт хүлээн авч онлайнаар  шүүх хуралдаанд оролцуулсны дотор 2016 онд анх удаа Япон улстай холбогдож эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдаж байгаа тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа 336 өргөдөл хүлээн авснаас 242 маргааныг эвлэрүүлжээ.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн байраар явж, шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүн таслах ажиллагааны хэвийн  нөхцөл хэрхэн хангагдаж байгаа талаар харилцан санал солилцов. Тус шүүхийн захиргааны ажилтнууд илүү цагаар ажиллах нь элбэг бөгөөд тэднийг мэргэшүүлэх, шүүхийн үйлчилгээний харилцаа хандлага, ёс зүйн талаас нь чадваржуулахад Тамгын газрын зүгээс тогтмол ажил явуулдаг юм байна. Үүний нэг нь тус шүүхийн 1600 ном товхимол бүхий номын сан. Азийн хөгжлийн сангийн хандиваар сүүлийн үеийн гадаад дотоодын эрх зүйн баримт бичгүүд, ховор ном гарын авлагууд энд хангалттай нь шүүгч ажилтнуудын ажлын ачаалал сийрэг үед мэдлэг боловсролоо ахиулах таатай нөхцлийг бүрдүүлжээ.

     Шүүгч, ажилтнуудтай хийсэн уулзалтдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “ Би Говь-Алтай аймгийн шүүхийн талаар сайхан байртай, чадварлаг ажилчидтай, Тамгын газрын дарга нь ажилдаа эзэн хүний ёсоор ханддаг, туршлагатай хүн гэдгийг сонсч байсан. Шүүхийн хаалганаасаа цэвэр цэмцгэр, тохь тухтай ажлын нөхцөл бүрдүүлсэн нь танай хамт олны чармайлт гэдэг нь харагдаж байна. Томилолтын зорилго маань та бүхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг илтгэхээр ирлээ. Мөн та бүхний дуу хоолойг сонсьё. Шүүгч ажилтнууд маань ямар санаа бодолтой байдгийг мэдэхийг зорьсон хэрэг” хэмээн ярилаа.Тэрбээр 3 жилийн хугацаанд Монголын улсын шүүхэд хийж хэрэгжүүлсэн шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг тайлагнасны дараа шүүгч Ш.Баттогтох, Тамгын газрын дарга Ж.Ганболд, шүүгч Ц.Үйтүмэн, Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүгч Д.Мөнхтуяа нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хичээл зүтгэлд сэтгэл хангалуун байдагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

    Энэхүү уулзалтын дараа доктор,профессор Н.Лүндэндорж шүүгчид, хуулийн байгууллагын ажилтнуудад “Хууль тайлбарлах онол арга зүй” лекц уншиж, Р.Дворкины “Хуулийн эзэнт гүрэн”, Ж.Роулсын “Улс төрийн либералзм” номуудыг шүүгчдэд гардууллаа. Энэ өдрийн төгсгөлд “Алтай” чуулгын байранд 600 гаруй иргэдтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, үр дүн, цаашдын зорилтын талаар уулзаж ярилцлаа. Шүүхийн шинэтгэл иргэдийн амь амьдралд хэр үнэ цэнэтэй зүйл болох, түүнийг  юуны учир хийж хэрэгжүүлэх болсон талаар болон шүүхийн шинэтгэлийн богино хугацааны ололтыг бэхжүүлэх,  хамгаалах ажил хийснээсээ илүү чухал болохыг ярьж, иргэдтэй санал солилцсон тус уулзалтын талаархи дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн хүргэх болно.

                                                                                                            Ш.Отгонцэцэг

              

             Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна