Монгол цэргийн баярын өмнөхөн Монгол генералын тухай нэгэн ном мэндэлжээ. Номын нүүрэнд цав цагаан задгай машинд гар өргөн ёсолж, парад командлан яваа одон тэмдгээ агссан хошууч генерал М.Борбаатар агсны зураг дурайна. Харин арын нүүрэнд мөн л одон медалиа агссан хуульч, сэтгүүлч, Хууль зүй ухааны доктор, хурандаа Ширчингийн Сүхбаатарын нүд дүүрэн инээсэн зураг.
Нэг нь жирийн байлдагчаас Монгол Улсын хошууч генерал хүртэл амьдралынхаа он цагийг армид зориулсан домогт генерал. Нөгөө нь домогт генералын домгийг мөнхөлсөн хурандаа анд нь. Хошууч генерал М.Борбаатар агсныг цэрэг армийн талаар тийм ч сайн мэдэхгүй хүн ч гэсэн бараг л гадарлах болов уу, парад командлан явах энэ зураг, Монголын бүх цэргийн Хар сүлдийг онголон залагч сүлдчийн хувиар нь. Генерал хүн ийм л байх ёстой болов уу гэмээр нухацтай харцтай, шингэвтэр сахалтай М.Борбаатар генерал. Нөхөд нь өнөөдөр түүнийг мөнхөлсөн номыг залан, эгэл цэргийн амьдралын дурсамжаа хүүрнэж байна.
Харин хурандаа Ширчингийн Сүхбаатарыг хэвлэлийнхэн бас хуулийнхан сайн мэднэ. “Өдрийн сонин” –ы орлогч эрхлэгч Ш.Сүхбаатарын цэрэг байсны хувьд хагас цэрэгжилтийн зангаар номын нээлтэд нь гүйгээд очив. Армийн номын нээлтийн ёслол ч сонихон байдаг аж. Мөрдэстэй генерал, хурандаа нар ярайж, үлээвэр хөгжим цууриатна. Үг хэлсэн бүхэн армитай холбоотой архаг генерал хурандаа нар. Цэргийн ёсоор товчхон, цэгцтэй ярина. Хэвлэлийнхэн одоо ч Сүхээ эрхлэгч гэж нэрлэгддэг хурандаа Ш.Сүхбаатар Батлан хамгаалах яаманд бол “өөрийн” хүн. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг “байлдагч” нар нь бол ёсолж угтана.
Ажил амьдралынхаа гарааг цагдаа, прокуророос эхэлсэн сэтгүүл зүй рүү урван, дараа нь сэтгүүл зүйгээсээ хууль зүй рүү, цэрэг арми руу урвачихсан. Аль аль нь түүний фронт. Бас аль аль ч тал нь “урвагч”-ийгөө өөриймсөнө.
Сүхээ эрхлэгч яалт ч үгүй цэргийн хүний зан “илрээд” байдаг юм гэж хэвлэлийнхэн ярих. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга гээд “том том дарга”-ын ажлынхаа хажуугаар ном биччихээд байдаг хүн гэж хуулийнхан нь “хардана”. Нээрээ ч хэзээдээ яаж амждаг юм бэ гэмээр олон номтой хүн. “Хонины хишиг”, “Эр хүн”, “Хориотой модны жимс”, “Жингийн хонх”, “Монгол төрийн мэргэн өвөө”, “Бүтэн заяатай бүрэн нутаг”, “Монголын хуульч “эрдэмтэд”...
Харин “Бор цэргээс Бороо генерал” номоо Сүхээ эрхлэгч “Энэ бол баримтын цуглуулга биш. Энэ бол сэтгэлийн цуглуулга юм” гэж товчхон тайлбарлав. Яалт ч үгүй оносон бөгөөд зүрх сэтгэлийг шууд онилж тусах товч, оновчтой тодорхойлолт. Тийм ээ,энд сэтгэлийн дурсамжийн цуглуулга цогцолжээ.
Байлдагч М.Борбаатарын талаар тухайн үеийн БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Б.Доржийн 1969 оны долдугаар сарын 6-ны өдөр бичсэн тодорхойлолтоор номын эхний хуудас эхэлнэ. Яг л түүний амьдрал шиг. Цоо шинэхэн саяхан хэвлэлтээс гарсан будагны хэвлэлийн будагны үнэр нь арилаагүй номын хуудсыг яаруухан эргүүлэхэд Монголын ардын армийн бүх л генерал, хурандаа нарын нэрс дурсамж жирэлзэж, шинэ цагийн Монгол цэргийн түүхийг унших мэт сэтгэглэл төрүүлэм. Тухлан уншваас тэндээс цэргийн амьдралын хатуу ширүүн, цэгц нямбай, энгийн ардын ойлгоход хэцүү мэт боловч дүн нуруу, гуйвшгүй хүчийг мэдрэмээр. Тэнд байлдагчийн, генералуудын, сайд нарын, найз нөхдийнх нь, мөр зэрэгцсэн андуудынх нь дурсамж буй.
Жирийн байлдагчаас армийн генерал, Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний тугч хэмээх хэн хүнд заяахгүй албыг хашсан энэ эрхмийн амьдрал магадгүй яг кино шиг, түүх шиг. Угаасаа ч түүх бүтээж амьдарсан хүний түүх ийн номон суварга болон сүндэрлэж буй. М.Борбаатар агсны гэргий Даваагийн Ома нөхрөө тэнгэрийн оронд хальснаас хойш эгэл бөгөөд аугаа амьдралын түүхийг ном бүтээн суваргалах сан гэж бодож байж. Харин ийн хамт ажиллаж байсан нөхөд, яамныхан нь ном бүтээж. Ингээд Бороо генерал ном болон мөнхөрчээ. Энэхүү ном бол зөвхөн М.Борбаатар генералын түүх биш Монголын армийн түүх юм гэж хэлж ч болох.
Номонд дуурсагдах алдар гавьяатай амьдарна гэдэг их хувь тавилан. Ном болон мөнхөрнө гэдэг мөн их аугаа хувь заяа яа.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Сэтгүүлч А.Алтантуяа
Сэтгэгдэл байхгүй байна