• Эхлэл
  • Ч.Энхбат: Улс орноо өрөнд оруулсны хариуцлагыг хэн хүлээх вэ

Ч.Энхбат: Улс орноо өрөнд оруулсны хариуцлагыг хэн хүлээх вэ

2016/03/21

-Иргэн бүр 14-15 сая төгрөгийн өртэй гэсэн үг-

   Энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-ын зочноор эдийн засагч Ч.Энхбатыг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн өнгөрсөн сард 709 тэрбум төгрөгт хүрсэн бол зарлага 967 тэрбум төгрөг болсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг ч хэлсэн. Эдийн засагчийн нүдээр нөхцөл байдал ер нь ямар түвшинд байна вэ? 

-Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд орлого, үйл ажиллагаагаараа мэдэрч байгаа. Эдийн засаг бүхэлдээ агшиж, цусны эргэлт нь удааширчихлаа. ДНБ-ий 70 гаруй хувийг хувийн хэвшлийхэн бүрдүүлж  байна. Тэдний орлого нь буурч, үйл ажиллагаа нь доголдоод ирэхээр төсөвт төвлөрөх татварын орлого буурах нь тодорхой шүү дээ.

Ер нь сүүлийн гурван жилийн төсвийн орлого жил бүр л нэг их наяд гаруй төгрөгөөр тасардаг үзэгдэл уламжлал мэт болсон. Энэ нь нэг талаас төсвийн тооцооллыг бодитой хийхгүй байгаатай холбоотой, нөгөө талаас гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал, түүхий эдийн үнийн уналтаас үүдэлтэй гэж хэлж болно. Ер нь 2016 оны төсвийг хэлэлцэн батлахдаа орлогын төлөвлөгөөг нэлээн бодитой, зарлагыг ч мөн адил тэвчиж болох урсгал зардлуудыг танаж баталсан.

Тэгээд байхад л төсвийн орлогын төлөвлөгөө 80 шахам тэрбум төгрөгөөр, зарлага, санхүүжилт 550 гаруй тэрбум төгрөгөөр тасарлаа. Тантай санал нэг байна, төсвийн алдагдал энэ оны хоёрдугаар сарын байдлаар 259 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн 26 жилд анх удаа тохиолдож байгаа үзэгдэл. Эдийн засгийн байдал туйлын хүнд байгаагийн л илрэл юм. Өнөөгийн эрх баригчид уруудан доошлуулах тал дээр ч олон “шинэчлэлийг” тогтоож байх шиг байна. 

-Төсвийн орлогын 88 хувийг татвар бүрдүүлж байгаа. Үүнээс НӨАТ 22 хувь. Гэвч НӨАТ-ын сугалаат борлуулалт жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгаа талаар гомдоллох боллоо. Ер нь НӨАТ-ын хууль таны бодлоор ингэж үргэлжлэх нь хэр зохистой вэ?

-НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлснээс болж жижиг, дунд худалдаа,үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусаж байгаа талаар хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр их яригдаж байна. Миний хувьд ч гэсэн энэхүү хууль нь цаг үеэ олоогүй гэж боддог. Далд эдийн засгийг бууруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх сайн талтай ч ачааны хүнд нь ядарсан ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд л тусаж байна. Эдийн засгийн өндөр өсөлттэй, иргэд, аж ахуйн нэгжүүд нь орлого сайтай байх үед хэрэгжүүлж эхэлсэн бол ийм хэл ам, маргаан шуугиан өнөөдрийнх шиг гарахгүй байсан байх.

Эдийн засаг хямарчихсан, жижиг дэлгүүрүүд нь ломбард болчихсон, томоохон худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчгүй болж хоосорч байхад төр яаж ажлын байрыг нь хадгалах уу. Тэдэнд яаж дэмжлэг үзүүлэх үү гэж бодохын оронд арай ядан тогтож үлдсэн хэдийг нь өндөр үнэтэй кассын машин, программ хангамж ав гэж шахан, татвар торгуулиар дарамтлах нь цаг үеэ олоогүй төрийн харалган бодлого гэж хэлэхээс яахав. Хуулийг хэрэгжүүлэх нэрээр нөхцөл байдал энэ маягаар цааш үргэлжилбэл жижиг, дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид зах зээлээс шахагдаж, ажилгүй, орлогогүй иргэдийн тоо улам нэмэгдэх эрсдэлтэй. ААН-үүд ч бараа, бүтээгдэхүүний үнээ нэмж байна. 

-Валютын ханш хэт савлаж, төгрөг сульдаж гүйцлээ. Цаашид ч нөхцөл байдал үргэлжилнэ гэх таамаглал бий. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Төгрөгийн ханш сүүлийн гурван жилийн гаруйн хугацаанд 50 гаруй хувиар суларчихлаа. Монгол Улс руу орох гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн жил хүрэхгүй хугацаанд 25 дахин буурлаа. Манай улсын экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ их хэмжээээр уначихлаа. Валютын нөөцөө шавхчихлаа. Өөрөөр хэлбэл, валютын орох урсгал татарч улс маань валютын нөөцгүй болчихсон гэсэн үг.

Аливаа юм хомсдохоор үнэ өсдөгтэй адил ам.доллар хомсдоод л ханш өсөөд байгаа юм. Цаашид ч өсөх байх. Монголбанк өр зээлээр л ханшаа арай ядан тогтоож байна. Төвбанк л дангаараа гурван жил гаруйн хугацаанд юаны своп хэлцэл нэрээр хоёр тэрбум гаруй ам.долларын зээл Хятадын Ардын банкнаас авчихсан. Экспортоо нэмэгдүүлэх, том төслүүдээ хөдөлгөх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллахгүй бол нөхцөл байдал туйлын хүнд байна.

-Сонгуулийн өмнө валютын ханш савлаж, өсдөг гаж тогтолцоо бий болж байх шиг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Сонгуулийн жил хөрөнгө оруулалт хийх гэж байсан гадныхан энэ засаг төр нь юу болох бол гэж хүлээлтийн байдалд орох тал бий. Үүнээс л болж валютын орох урсгал саарах улмаар бага зэрэг өсөх хандлага ажиглагддаг байж магадгүй. Яг үнэнийг хэлэхэд, өнөөгийн эрх баригчид гадна, дотны хөрөнгө оруулагчдын өмнө нүүрээ барж, итгэлийг алдчихаад байна.

-Өнөөдрийн хямралыг бий болгосон буруутан эрх баригчид гэдгийг л та үг хэлэх бүртээ тодотгоод байнаа даа?

-Ойлгомжтой шүү дээ, хэлүүлтгүй хүн бүр л мэдэж байгаа. Ажилтай, орлоготой байсан иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд орлого нь муудаж үйл ажиллагаа нь доголдчихоод байна. Яг үнэндээ гадаад хүчин зүйл гэхээс илүү дотоод хүчин зүйлээс болж хямарсан. Бодлогогүй, төрийн залгамж чанар алдагдахаар улс яаж
богино хугацаанд уруудан доройтож болдгын жишээ болж байна. Төрийн дархлаа, ой санамж болсон мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж, оронд нь бүлэг фракц, найз нөхөд, ах дүү хамаатан, намын дэмжигч, гишүүн л бол мэргэжил, боловсрол чадварыг нь харахгүй албан тушаалд тавьж самарсаны горыг улс даяараа амсаж байна гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

Зарим хүн Монгол төрийг тоглоом, бизнесийн хэрэгсэл болгон хардаг болсон нь харамсалтай. Мэргэжил боловсрол ямар хамаатай юм гэх юм. Төр түшилцэх хүмүүст хамгийн их хамаатай зүйл шүү дээ уг нь. Чадваргүй, боловсрол нимгэн, амин хувийн эрх ашиг өндөртэй хүмүүс төрийн толгойд гарснаас болж улс нийтээрээ өрөнд баригдаж, улс шиг хөгжиж чадахгүй байна.

МАН-ын дарга М.Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн тайланг ард иргэдэд танилцуулж байхдаа “Ардчилсан нам 2000 онд өмчгүй төрийг үлдээсэн бол 2016 онд өрөнд баригдсан төрийг үлдээж байна” гэж хэлсэнтэй санал нэг байна. Нэмээд хэлэхэд бүр төр нь төдийгүй залуучууд нь цалингийн, ахмад буурлууд нь тэтгэврийн, малчид нь малчны зээлтэй, хувийн хэвшлийхэн банкны өр зээлтэй, өрийн сүлжээ, дарамтад орсон улс орон болчихлоо.

-Өдгөө банкны зээлийн өрийн үлдэгдэл 11.6 их наяд хүрснийг статистик мэдээлэл харуулж байна. Үүнээс 974 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл, 889 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эзэлж байгаа гэх. Гэтэл таван хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлээ. Энэ хэр боломжтой зүйл вэ?

-Ипотекийн найман хувийн зээлийг Монголбанк “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нэрийн дор мөнгө хэвлэн нийлүүлэх замаар хэрэгжүүлсэн төсөл. Дэлхийн түүхэнд мөнгө хэвлэх замаар орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлсэн улс орон би лав дуулаагүй.

Банкууд өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээл олгох бол 18-20 хувийн хүүтэй олгож байгаа. Ипотекийн зээл чанаргүйтэх, хугацаа хэтэрсэн бусад зээлийг бодвол харьцангуй гайгүй байгаа. Гэхдээ эдийн засгийн хямралаас болж эрсдэл үүсэх хандлага ажиглагдаад эхэлсэн. Тухайлбал, ипотекийн зээлийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл дөрвөн жилийн өмнөхөөс 7-8 дахин нэмэгдсэн байгаа юм. Таван хувийн зээл өнөөгийн манайх шиг эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай байгаа улсад хэрэгжүүлэхэд туйлын хүндрэлтэй.

Өнөөдөр Засгийн газар нь гаднаас зээл авах гэж үүлээ үзэж байна. Жилийн 12-13 хувийн хүүтэй, эдийн засгийн ямар ч үр ашиггүй. Хэдхэн жилийн өмнө 4-5 хувийн хүүтэйгээр авдаг байсан. Төв банкны бодлогын хүү 12 хувь, Засгийн газрын дотоодод гаргаж байгаа үнэт цаасны хүү дунджаар 14-15 хувь байхад таван хувийн ипотекийн зээлийн эх үүсвэрийг өнөөгийн нөхцөлд мөнгө хэвлэх замаар л бүрдүүлэх боломжтой юм. Өөр боломж байхгүй. Яахав өмнө гаргасан зээлийн эргэн төлөлтийн хэмжээгээр баг сагаар зээл гаргаж болох байх.

 -Монголын эдийн засаг даахгүй гэж арилжааны банкууд татгалзаж байсан ч үг дуугүй бүгд хэрэгжүүлээд эхэллээ. Үүний цаана ямар нэгэн учир шалтгаан байна уу?

-Банкууд өөрсдөө эх үүсвэрээ гаргахгүй. Найман хувийн зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас дөрвөн хувийн хүүтэй гаргаад дээр нь арилжааны банкууд ашиг, үйл ажиллагааны зардал гэж дөрвөн хувийг нэмснээр иргэдэд найман хувийн хүүтэй очдог байсан. Одоо яг үүнтэй адил 1+4 гэх зарчмаар таван хувийн хүүтэй болох юм.

Арилжааны банкуудын өөрсдийн татан төвлөрүүлсэн эх үүсвэр биш болохоор эрсдэл харьцангуй багатай л гэж үзэж байна. Хэрэв арилжааны банкуудыг өөрсдийн эх үүсвэрээр найман хувьтай, таван хувьтай гарга гэвэл аль ч банк зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Ер нь сүүлийн жилүүдэд төр хэтэрхий аж ахуйн асуудалд хутгалдаж байна. Төвбанк хараат бус байдлаа алдаад удаж байна.

Эдийн засгийн үндэслэл, тооцогүйгээр мөнгө хэвлээд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд байвал үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэн улам л алдагдсаар л байх болно. 5 хувийн ипотекийн зээлийг улс орныхоо эдийн засгийн нөөц, боломжийг тооцоолж судлаагүй, сонгууль угтсан шоу пиар л гэж харж байгаа. Үнэхээр ард түмнээ бодож байгаа бол ипотекийн жилийн 20 хувийн хүүгийн зээлтэй 22000 мянган иргэнээ эхлээд 8 хувьд хамруулах хэрэгтэй.

-Нийслэлийн зургаан дүүргийн найман хувийн зээлтэй иргэдийг таван хувийн хөтөлбөрт хамруулаад эхэлбэл эрсдэл бий болох уу?

-Саяхан таван хувийн зээл олгож эхэллээ гэж дуулсан. Нэгэнт амласан болохоор аль хэрэгжүүлэхдээ нэлээд өндөр хязгаарлалтуудыг тавьж өгсөн байна лээ. Саяхан ойрын нэг танил маань Худалдаа хөгжлийн банкаар орж ипотекийн таван хувийн зээлд хамрагдах гэтэл бараг л олгохгүй байх, маш өндөр шалгуурууд тавьж байгаа гэж зээлийн мэргэжилтнүүд нь хэлсэн байна лээ.

Тэгэхээр журмаар тавьсан хязгаарлалтуудыг давах иргэд хэр байх бол доо. Хөдөө орон нутагт орон сууц тэгж их баригдаж байгаа юм уу.  Хүн амын тал нь нийслэлд амьдарч утаа, хөрсний бохирдолдоо хордоод сууж байна. Гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгож утааг багасгах бодлого хэрэгтэй байна. Гэтэл яг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаад бэлэн болсон байр байна уу.

Өнөөдөр 20 гаруй мянган айлын орон сууц баригдчихсан эзнээ хүлээгээд зарагдахгүй байж байна. Яагаад гэхээр найман хувь, таван хувь байсан ч гэсэн худалдан авах чадвартай иргэд байхгүй болчихсон. Мөнгө нэмж хэвлээд байвал эрсдэлтэй байлгүй яахав. Гадны олон улсын байгууллагууд үүнийг эрс шүүмжлэн, төсвийн нэг хэсэг болгон хүүгийн зөрүүг төсөвт тусган цаашид хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа. 

-Сонгуулийн өмнөх эрсдэлтэй алхмууд эдийн засгаа хямралаас гаргах нь битгий хэл ангалын ирмэг дээр байсан улсаа түлхчихэж байгаа юм биш үү. Энэ Засгийн газар "Credit Suisse" банкнаас 250 сая ам.доллар зээлж, өнөөх нь Монголын дансанд орсон тухай мэдээллийг албаныхан өгч байна. Энэ баярт мэдээ мөн үү?

-Сангийн данс улайчихсан. Цалин, тэтгэврээ яаж хугацааанд тавих уу гэдэг чинь засгийн том асуудал болчихоод байна. Өнөөгийн эрх баригчид өр зээлээр л амь аргацааж байна. Үүний жишээ сая орж ирсэн 250 сая ам доллар. Эрх баригчид нуугаад байгаа болохоос зээлийн хүү 10 хувь хол давсан байгаа байх. Энэ бол баярлаад, улс даяар зарлаад байх мэдээ биш. Ирээдүй хойч үеэ өрөнд оруулж байгаа л мэдээ.

-Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар хэд хүрээд байна вэ?

-Монгол Улсын гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21.6 тэрбум ам.доллар. Саяны авсан 250 сая ам.долларыг нэмбэл 21.85 тэрбум болж байна. Төгрөгт шилжүүлбэл 44.8 их наяд төгрөг юм. Товчхон хэлэхэд, иргэн бүр 14-15 сая төгрөгийн өртэй болчихсон. Өөрөөр хэлбэл, дөнгөж төрсөн хүүхэд хүртэл өртэй болж байна. Ийм улс болчихно гэж хэн төсөөлөх билээ.

Зөвхөн Засгийн газрын гадаад, дотоод өр гэхэд сүүлийн дөрвөн жил бараг дөрөв дахин нэмэгдсэн. Энэ бүх өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь ойлгомжтой. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Нөхцөл байдал ийм байхад дахиад нэг тэрбум ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байгдаг.

-Нэг тэрбум ам.доллар гэснээс энэ мөнгөөр өмнөх зээлээ төлнө гэх. Бидэнд урд хормойгоо авч хойдохоо нөхөхөөс өөр арга зам үлдээгүй гэсэн үг үү?

-Хатуухан хэлэхэд, чөтгөрийн тойрог руу яваад орсон гэж хэлж болно. Дээр би хэлсэн Монгол Улсын төрийн данс улайчихсан, дээрээс нь валютгүй болчихсон байгааг. Энэ жил төрийн гадаад, төлбөр тооцооноос гадна хувийн томоохон аж ахуйн нэгжүүд багагүй хэмжээний гадаад өр зээлээ төлөх хуваарьтай. Ямар нэгэн аргаар валют олохгүй бол энэ улс чинь балрах гээд байна шүү дээ.

Тийм учраас эрх баригчид ямар ч хамаагүй үнээр дахин өр зээл тавьж байгаа юм. Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй, гадаадын өрийн хэмжээгээр дэлхийд 2-р орчихсон байхад дахиад нэмж өр тавина гээд улайрч байгааг харахад үнэхээр энэ Монгол Улсын Засгийн газар уу. Аль улсын эрх ашгийн төлөө ажлаад байна вэ гэж бодогдох боллоо. Улс орноо улс шиг хөгжүүлж, хүн ардаа хүн шиг амьдруулна гэж амлаж байсныг нь бодохоор ер эвлэж өгөхгүй юм.

-Эдийн засгийн хямралаас гарах гарц гаргалгаа бидэнд ер нь үлдэв үү?

-Гарц хэзээд бий. Юуны өмнө, монголчууд бид эв эеийг хичээж, танай манай гэлтгүй нэгэн зорилго дор бүсээ чангалаад, хариуцлагатай, мэргэшсэн төрийн албатай, тогтвортой засаг төр, бодлоготой болох хэрэгтэй байна. Хариуцлагатай, чадамжтай, чадварлаг хүмүүсээр төрөө бариулах шаардлагатай байна.

Тэгэж байж бидэнд гадна, дотны хөрөнгө оруулагчдын итгэлийг буцаан татах боломж нээгдэнэ. Том төслүүдээ шударга бизнесийн зарчмаар нь яаралтай хөдөлгөх хэрэгтэй. Хойд, урд хөршүүд болон түншлэгч орнууд ч дэмжлэг үзүүлэх байх. Яг үнэндээ гурван сая хүн гэдэг чинь Москва, Бээжин хотын нэг л дүүрэгт амьдарч байгаа хүмүүсийн тоо. Энэ их байгалийн нөөц баялаг, оюуны чадавхтай ард түмэнтэй улс орон зөв, тогтвортой бодлоготой, хариуцлагатай мэргэшсэн төрийн албатай бол жижиг эдийн засаг дороо л босоод ирнэ гэж эдийн засагч хүний хувьд боддог. 


 


Сэтгэгдэл байхгүй байна