Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
“Оюу толгой” ХХК 2015 оны 4 дүгээр улирал болон өнгөрсөн оны гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.
“Оюу толгой” компани 2015 онд аюулгүй ажиллагааны сайн гүйцэтгэлтэй ажиллаж, 200,000 цагт ногдох гэмтэл бэртлийн давтамжийг 0.33 болгож буурууллаа.
2015 он нь “Оюу толгой”-н хувьд бүтэн үйлдвэрлэл явуулсан хоёр дахь жил бөгөөд уурхайн олон үзүүлэлтээр шинэ амжилт тогтоолоо.
“Оюу толгой” компани 2015 онд 819,800 тонн баяжмал борлуулж, 1.6 тэрбум ам.долларын орлого олсон. Борлуулсан баяжмалын хэмжээ өссөн боловч, дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ буурсан нь орлогын дүнд нөлөөллөө.
2015 оны 4 дүгээр улиралд “Оюу толгой” компани 236,200 тонн баяжмал борлуулж, 355.6 сая ам.долларын орлого олсон нь баяжмал дахь металлын агуулга, зэс, алтны дэлхийн зах зээл дээрх үнийн бууралттай тус тус холбоотой байв.
Далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд 2016 оны 1 дүгээр улиралд багтаан техник, эдийн засгийн үндэслэлийн капитал хөрөнгийн зардлын тооцоог шинэчилж дуусгах төлөвтэй байна.
“Туркойз хилл” компанийн зүгээс шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг батлах болон далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх мэдэгдлийг холбогдох компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 2 дугаар улиралд багтан гаргана гэсэн төлвөө хэвээр хадгалж байна.
“Оюу толгой” уурхай 2015 онд баяжмал дэх металлын хувьд 202,200 тонн зэс, 653,000 унци алт үйлдвэрлэсэн нь “Туркойз хилл” компанийн төлвөөс даваа буюу, нийцэж байгаа болно.
“Оюу толгой” уурхай 2016 онд баяжмал дахь агуулгаар 175,000 - 195,000 тонн зэс, 210,000 - 260,000 унци алтыг үйлдвэрлэнэ гэж “Туркойз хилл” компани тооцож байна.
“Оюу толгой” компани үйл ажиллагааны чиглэл, нэгж бүрт аюулгүй ажиллагааг сайжруулахад төвлөрч, эрсдэл, гэмтлийг бууруулахын төлөө ажиллалаа. Ингэснээр компани 2015 онд аюулгүй ажиллагааны өндөр гүйцэтгэлтэй ажиллаж, 200,000 цагт ногдох гэмтэл бэртлийн давтамжийг 0.33 болгож буурууллаа.
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Өнгөрөгч 2015 онд уул уурхайн салбар бүхэлдээ зах зээлийн таагүй нөхцөл байдал, түүхий эдийн үнийн уналттай тулгарсан. Энэ үед Оюу толгойн хамт олон аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоох зорилгодоо тууштай байж, бүтээмж нэмэгдүүлэх, зардал бууруулах чиглэлээр амжилттай ажилласан нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдээс харагдаж байна.”
“Бид өөрсдийн үйл ажиллагаагаар Монгол Улс болон Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. “Оюу толгой” компани 2015 онд 315 сая ам. долларын татвар, хураамжийг Монгол Улсын Засгийн газарт төлж, дотоодын 989 компанитай хамтран ажиллаж, Өмнөговь аймагт тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүд үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирлээ” гэв.
2015 онд гүйцэтгэсэн 1.6 тэрбум ам. долларын борлуулалтын дүн нь өмнөх 2014 онтой харьцуулахад 5.8 хувиар буурсан. Энэ нь дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнийн уналтаас голчлон нөлөөтэй бөгөөд зэс, алтны баяжмалын борлуулалтын хэмжээ өссөн нь нийт бууралтыг хэсэгчлэн нөхөв. Баяжмалын борлуулалт 2014 оноос 11.7 хувиар өсч 819.800 тонн болсон нь үйлдвэрлэл эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
“Оюу толгой” компани 2015 оны 4 дүгээр улиралд 355.6 сая ам.долларын орлого олсон нь өмнөх улирлаас 17.6 хувь буурсан ба энэ нь баяжмал дахь металлын агуулга, зэс, алтны дэлхийн зах зээл дээрх үнийн бууралттай тус тус холбоотой байв. Энэ улиралд биет хэмжээгээр 236,200 тонн баяжмал борлуулсан нь өмнөх улиралтай харьцуулахад 4.5 хувиар өссөн байна.
2015 он “Оюу толгой”-н хувьд бүтэн жилээр үйлдвэрлэл явуулсан хоёр дахь он байж, уурхайн үйл ажиллагааныхаа олон чиглэлээр шинэ амжилт тогтоолоо. Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээг жилийн туршид хэрэгжүүлснээр оны төгсгөлд үйлдвэрийг тооцоот хүчин чадлаас давуулан ажиллууллаа. Нийт 202,200 тонн зэс, 653,000 унци алт үйлдвэрлэсэн нь “Туркойз хилл”-ийн 175,000 – 195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн төлвөөс давсан буюу 600,000 – 700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцлээ. 2014 онтой харьцуулахад уурхайн олборлолт 19.3 хувь, баяжуулах үйлдвэрийн боловсруулалт 23.9 хувь, баяжмалын үйлдвэрлэл 39.9 хувь өссөн бөгөөд металлын хувьд зэсийн үйлдвэрлэл 36.3 хувь, алтны үйлдвэрлэл 10.9 хувь тус тус өссөн байна.
2015 оны 4 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрийн боловсруулалт өмнөх улирлаас 8.5 хувь өсч улирлын хамгийн дээд түвшинд хүрэв. Металын агуулга буурсан хэдий ч зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 2.3 хувь өссөн нь боловсруулалт нэмэгдсэнтэй холбоотой. Ил уурхайн 2 дугаар үе шатны металын агуулга ихтэй хэсгийн олборлолтоос шалтгаалан 4 дүгээр улиралд үйлдвэрлэсэн баяжмал дэх алтны хэмжээ өмнөх улирлаас 68.3 хувь өсөв.
Үйл ажиллагааны цаашдын төлөв
2016 онд “Оюу толгой” компани баяжмал дахь агуулгаар 175,000 – 195,000 тонн зэс, 210,000 – 260,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна. Ил уурхайд 2, 3, 6 дугаар үе шатны хэсгүүдээс олборлолт хийж, 4 дүгээр үе шатны хөрс хуулалтыг эхлүүлнэ. Мөн хүдрийн овоолгоос боловсруулалт хийхээр төлөвлөж байна. Алтны агуулга багатай хэсгээс олборлож, бага агуулгатай хүдрийн овоолгоос боловсруулахтай холбоотойгоор 2016 оны алтны үйлдвэрлэл өмнөх оноос буурах төлөвтэй байна. 2016 онд үйлдвэрлэх алтны дийлэнхийг оны эхний хагаст гаргана. Борлуулалтын гэрээг 2016 онд үйлдвэрлэхээр тооцож буй баяжмалын 90 хувьтай тэнцэх хэмжээнд байгуулаад байна.
“Туркойз хилл”-ийн зүгээс Оюу толгойн үйл ажиллагааны бэлэн мөнгөний зардал 800 орчим сая ам.доллар байхаар тооцоолж байна. 2015 онтой харьцуулахад энэ үзүүлэлт буурах төлөвтэй байгаа нь зардал хэмнэх санаачлагууд болон ил уурхайн 4 дүгээр үе шатны хөрс хуулалтын зардлыг капиталжуулахтай холбоотой. Бэлэн мөнгөөр тооцсон хөрөнгө оруулалтын зардал 300 орчим сая ам.доллар (хөрөнгө оруулалтын зардалд далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг оруулаагүй) байх ба үүний 280 орчим сая ам.доллар нь ашиглалтын зардал байна. Ашиглалтын зардалд 4 дүгээр үе шатны хөрс хуулалтын зардал капиталжуулахыг оруулж тооцсон.
Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хувьд барилга бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх мэдэгдэл гарсны дараагаар “Туркойз хилл” компани нэмэлт мэдээлэл олгоно.
2015 оны 4 дүгээр улирал болон бүтэн жилийн гол үзүүлэлтүүдийг доорх хүснэгтээс үзнэ үү.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна