Оюутан цагаасаа хойш хамтран дуулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй хамтарсан тоглолтоо нижгэр хийлээ.
Тоглолт Монгол бөхийн өргөөнд энэ сарын 14, 16, 19-ний өдрүүдэд нийтдээ гурван удаа тоглогдох байсан ч үзэгчдийн хүсэлтээр сүүлийн өдөр буюу 19-ний 16 цагт дахин нэг тоглолт нэмж хийсэн байна. Тэгсэн хэдий ч тасалбар ховор байлаа.
13 жилийн дараа дахин хамтарч тоглолтоо хийж буй хоёр гавъяатыг үзэгч олон хүндэтгэн хүлээн авч аль сайн үгээрээ магтан сайшааж байсан юм.
Гавъяатууд тоглолт хийхийн зэрэгцээ малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн юм. Тайзаа ч уг аянд зориулан чимсэн байлаа. Үзэгчид тоглолтын үеэр өөрсдийн боломжоороо нэмнээ, лаа шүдэнз зэрэг малчдад хэрэгтэй зүйл авчирснаа тайзнаа тавьж байлаа. Харин хоёр гавъяат маань тоглолтынхоо нийт орлогыг малчдад зориулах юм. Тоглолтын үеэр тэднийг дэмжихээр СУИС-ийн хамт олон иржээ.
Тэднийг төлөөлж СУИС-ийн Хөгжмийн сургуулийн захирал, профессор Г.Ганцэцэг тайзнаа гарч “Илгээлтийн эзэд” аяныг зохион байгуулж, ийм сайхан тоглолт хийж буй хоёр шавьдаа үнэхээр их талархаж, бахархаж байгаагаа илэрхийлье.
СУИС-д суралцан төгссөн шинэ залуу уран бүтээлчид болон оюутан залуусын гал дөлөөр бүтсэн, тэдний сэтгэлийг шингээсэн 3 355 000 төгрөгийн үнэ бүхий /лаа, шүдэнз, CD, хөгжим, ном зэрэг/ зүйлсийг хоёр дуучнаараа дамжуулан малчиддаа хүргэхийг манай сургуулийн нийт эрдэмтэн багш, профессорууд, оюутан залуус хүсч тэдний нэрийн өмнөөс миний бие энэ тайзнаа гарч ирж мэхийн хүндэтгэн хүлээлгэн өгсөн юм.
Хоёр шавьдаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж Монголынхоо ард түмнээр хурайлуулан, дуулж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэсэн юм.
Мөн СУИС-ийг хамт төгссөн нэг ангийнхан нь уг аяныг дэмжиж өөрсдийн бэлдсэн илгээмжээ хүлээлгэн өглөө.
Энэ тоглолтын бас нэг хүндтэй зочин бол Кёкүшюзан Д.Батбаяр байлаа.
Тэрээр эхнэр МУГЖ Т.Баясгаланд цэцгийн баглаа бэлэглэж, цахим хуудаснаа “Ханьдаа дахин дурлачихлаа.
Сайхан тоглолт үзлээ” хэмээн бичсэн байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна