• Эхлэл
  • Маргааш түрээсийн орон сууцны дараагийн бүлгийг бүртгэнэ

Маргааш түрээсийн орон сууцны дараагийн бүлгийг бүртгэнэ

2016/03/22

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй нийслэлийн иргэдийг гуравдугаар сарын 21-нэээс эхлэн, арав хоногийн турш бүртгэнэ.

Бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор ТОСК-ийн гадаа урт дараалал үүссэн байсан бөгөөд зарим иргэд бүрдүүлэх материал болон тухайн журмын талаар ойлголт муу байсан талаар өмнө нь мэдээлсэн.

Тус хөтөлбөрт эхний ээлжинд 920 айлын орон сууцыг түрээслүүлэх бөгөөд үүний 350 нь Улаанбаатар, “Буянт-Ухаа 2” хорооллоос түрээслүүлэх аж.

Үлдсэнийг нь аймгуудад барьж байгаа буюу “1000 айлын орон сууц” хөтөлбөрийн ашиглалтад орсон байрнаас түрээслүүлэх юм байна.

Зарим иргэдийн буруу ойлголт буюу ТОСК-ийхан орон сууцаа борлуулж чадахгүйгээс болж түрээслүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээв. Гэтэл албаны хүн үүнийг “Түрээсийн байрны хүлээлт, зах зээл хангалттай байна. Судалгаагаар зөвхөн Улаанбаатарт гэхэд жилд 28 мянган өрх түрээсийн орон сууцанд амьдарч байна. Тэгвэл энэ зах зээлд, байрныхаа 30 хувийн урьдчилгааг шууд төлөх боломжгүй, яг өнөөдөртөө байр худалдаад авах боломжгүй тэр иргэддээ хандсан хөтөлбөр юм” хэмээв.

Гэвч асуудал тийм ч хүнд биш байгаа буюу ихэнх иргэд энэ хөтөлбөрт хамрагдах гэж дараалал үүсгэн зогсож байна. Буурлуудын хэлж буйгаар хөтөлбөрт хамрагдсан орон сууцны байршил хотын төвөөс зайдуу ч гэлээ хөгшид бидэнд агаартай мөн чимээ шуугиан багатай зөв байршилыг сонгосон гэж байлаа.

Үүнээс гадна иргэд ямар материалаа бүрдүүлэх ёстойг сайтар ойлгоогүй байгаа аж. Тэгвэл тухайн өрхийн сарын орлогын 25 хувь нь түрээсийн орон сууцны төлбөртөө хүрч л байвал энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Одоогоор 50 ам метрт талбай бүхий хоёр өрөө байрыг сарын 280 мянган төгрөгөөр түрээслүүлэх боломжтой гэж тооцож байгаа аж. Энэ бол зах зээлийн ханш гэхээсээ илүүтэй, байр түрээслэж амьдардаг иргэдийнхээ эдийн засгийн чадавхи, бодит байдалд тохирсон төлбөр гэж тооцож байгаа юм байна.

Мөн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг нийт долоон бүлэгт хувааж эхний хоёр өдөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг, дараагийн өдөр нь 4-өөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, хувийн хэвшил, төрийн албан хаагчдыг бүртгэх аж.

Энэ мэтээр шалгуур хангасан бүх иргэнийг бүртгэх ба түрээсийн орон сууцанд хамрагдах гэж буй иргэн өөрийн эзэмшлийн байргүй, орлого зарлагын хэмжээ хүрэлцэж, баталгаажсан орлогод нийцэж байх ба цаашид түрээсийн төлбөрөө төлөөд явах санхүүгийн бүрэн чадавхи, бололцоо байна уу? гэдгийг холбогдох албан бичгээр дүгнэж баталгаажуулсан байх ёстой хэмээн албаны хүн хэллээ.

Ингээд өнөөдөр эхний бүртгэл буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэл дуусгавар болж, маргаашнаас буюу гуравдугаар сарын 23-наас эхлэн дараагийн бүлгийн бүртгэл эхлэнэ.

 


Сэтгэгдэл байхгүй байна