• Эхлэл
  • Хүүхэдтэй, жирэмсэн ээжүүдэд гэрээр нь ял эдлүүлье

Хүүхэдтэй, жирэмсэн ээжүүдэд гэрээр нь ял эдлүүлье

2016/03/22

Ээжтэйгээ хамт хуулийн тогтоол уншуулж ялын тавцан дээр мөөмөө санан уйлж байгаа нялх үрсийнхээ өмнөөс хэлэх үг надад байна. Хэн хэний мөөмийг санаад хаана уйлаад байгаа юм гэж манай төрийнхөн асуух л байх, надаас. “Ой дөрвөн сартай хүүхэдтэй ээжийг хорилоо” гэсэн мэдээлэл цахим ертөнцөд олныг бухимдуулж байна.

Арга ч үгүй биз. Хүүхэдтэй хүн бүрийн нүдээ аниад өнгөрөх мэдээлэл энэ биш. Хэнбугай нь ч инээд алдан баярлан уншаад сонсоод өнгөрөх асуудал биш. Энэ бол дайн. Дарангуйлал, харгислал, хүчирхийлэл. Зүгээр л бодоод үзье. Холоос жишээ хайхаар өөрийгөө баримт болгоё. Бичигч би ч мөн ой дөрвөн сартай охинтой. Миний охин хэлд ороогүй ч орчны мэдээлэл, хүний яриаг төвөггүй ойлгоно.

Дохио зангаа, өөрийн дуу хоолой, үйл хөдлөлөөрөө юу авмаар байгаа, юу хэрэгтэй болсноо илэрхийлдэг. Хаашаа л бол хаашаа төвөггүй гүйнэ, тоглоно. Ойр зуурын хоол хүнсээ өөрөө зажилаад идчихнэ. Нэг л асуудалтай. Мөөмнөөс гараагүй. Мөөм­гүйгээр шөнө унтах нь бүү хэл цурам ч хийхгүй.

Мөөмнөөс гараагүй охиноо орхиод хол хөдөө ажлын томилолтоор явах тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Найз нөхөдтэйгөө уулзалт зохион байгуулж оройтох ч эрхгүй. Хөх чинэрээд ажлаа таруут охин руугаа яарахгүй л бол өөр зүгт хазайх ямар ч боломжгүй болдог билээ. Тэгвэл манай төр, түүний толгойд суугаа цөөн хэдэн хүн ийм л нэг хөхүүл ээжийг шоронд хорьж ой найман сартай жаахан хүүг мөөмнөөс нь холдуулж уйлуулаад хамтад нь яллав.

Гэхдээ харамсалтай нь өнөөдрийн олон нийтийн ярианы гол бай болоод байгаа хөхүүл ээж хүү хоёрын тухай “амьдын хагацал” нь манай улсад шинэ зүйл биш. Шинэ зүйл биш гэсний учир шалтгаан ийм явдал гарч байсан, хуучин үзэгдэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Уянгаас эхлээд нярай, нялх, хөхүүл жаахан үрээсээ салж шоронгийн хаалга татаж байсан ээжүүдийн гашуун түүх Монголд бий. Тэр ч бүү хэл, өнгөрөгч оны тавдугаар сарын байдлаар ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид ээжтэйгээ хамт ял эдэлж байгаа таван хүүхэд байна гэж мэдээлж байсан. Хүн болж алхаа гишгээтэй болсон нь тав боловч гэдсэндээ бойжиж байгаа хэд байгааг тоолсон тоо хараахан биш.

Тэгвэл төрөөд ой ухаан нь бүрдэж ч амжаагүй ялтан болж байгаа эдгээр хүүхдүүд өнөөгийн тулгамдсан асуудал мөн үү. Ийм хүүхдүүдийн тоо өнгөрөгч долоо хоногт нэгээр нэмэгдсэн нь УИХ-ын Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал гэх бүсгүйн эрхээ хязгаарлуулсан үйл явдлаас тод харагдав. Түүнд холбогдуулсан хэргийг сийрүүлбэл, шүүхээс Г.Түвшинжаргалыг “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын 32 га газрыг 3200 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэн үргэлжлүүлэн 14 хоног хорих шийдвэр гаргасан юм. Г.Түвшинжаргал нь Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд  байхад   туслахаар нь ажилладаг байсан.   Мөн түүний туслах Ш.Эрдэнэтуяаг өнгөрсөн баасан гаригт баривчилсан ч сулласан билээ.

Энэ талаар Х.Баттулга “Монгол Улсыг хөгжүүлж “Эрдэнэт” шиг үйлдвэр барина гэсэн хүсэл зорилготой олон хүнийг нухчин дарж байна.  Эрчүүдийг нь “нухаж” чадахгүй болохоор хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд рүү нь орж байна. Нарийн бичгүүдээс юу гарах юм. Тавантолгойг 60 жил цаашилбал 100 жил гадны компанид өгөх гэж байсныг илчилснийхээ төлөө ийм эрүү шүүлтэд орж байна” хэмээсэн. Энэ үйл гайг өөрийн биеэр үүрч хэцүү бэрхийг нь мэддэг эмэгтэй гишүүн бол Г.Уянга.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Ой дөрвөн сартай хүүхэдтэй ээжийг хорьжээ. Хэргийн нь учрыг би мэдэхгүй. Ямар ч байсан хөхнөөсөө гараагүй хүүхдийг хоолгүй, ээжгүй болгож байгаа нь хэтэрхий хүнлэг энэрэнгүй биш байна. Намайг ч бас төрөөд долоо хонож байхад цагдаа нар хаалга эвдэн гэрт дайран орж ирж, барьж хорихоор завдаж байсан харгис үеийг санаж чимээгүй байж зүрхлэхгүй нь. Яг одоо аав нь хүүхдээ хөхүүлэхээр ганц худаг дээр байгаа сурагтай. Яг одоо хорих руу гарлаа” гэсэн байв.

За яахав, ээж нь гэм зэмтэй байж болно. Хулгай хийдэг ч бай, худал хэлсэн ч бай буруутан болсон байж болно. Хуулийн хариуцлага хүлээж болно. Үүнийг буруутгаж хуулийн хүрээний асуудалд хутгалдах гэсэнгүй ээ. Хөндөх асуудал нь хүүхэд. Хүүхдийн өлсөж цангах, айдас зовлон, аюулгүй орчныг ээжид ял зэм үүрүүлэхдээ хэрхэн тусгасан юм бэ. Яаж хангаж байна вэ.

Зурагтаар гуч дөнгөж л гарч байгаа болов уу гэмээр залуу аавын ярихыг сонсов.  “Хүүхэд минь уйлж хонолоо. Хүүхдээ ээжид нь хөхүүлэхээр ирлээ. Том хүүхэддээ ээжийг нь хөдөө явсан гэж л хэлнэ. Мөөмөө нэхэж уйлагнаад байгаа ой наймхан сартай хүүхдээ яаж аргадахаа мэдэхгүй байна. Хүүхэд ханиадтай байна. Хүүхдийг минь хооллох асуудлыг шийдэж өгөөч. Ээжийг нь яллаж, ямар нэгэн хэрэгт байцааж болно. Бид байцаалтаас зугтаагүй. Ганцхан эх, хүүхэд хоёрыг хагацааж байж ял асуудаг байдлыг ойлгохгүй байна. Ерөнхийлөгчөөс ч мөн асуумаар байна.

Хүүхдийг нь уйлуулаад ээжийг нь хориод байгаа энэ байдал хэнд ч тохиолдож болох юм гэдгийг маш сайн ойлголоо ” хэмээн ярьж байхдаа түүний хоолой зангирахыг сонсоод зүрх шимшрэв. Энэ өөдөсхөн хүү ямар буруутай юм бэ гэж. Уг нь бол хүүхдийн эрх гээчийг УИХ-ын тахим дотроос их чангаар ярьдаг шигээ гяндангийн хүйтэн шалан дээрээс ч мөн ярьж хэлж, хамгаалж чаддаг байгаасай. Тэгвэл ийм нэгэн зам мөр хайж УИХ-ын гишүүн Х.Баттулга Хуульзүйн сайд Д.Дорлигжавт хүсэлт явуулжээ.

Тэрбээр “өөрийг нь улс төрөөс шахан гаргах зорилгоор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,  түүний хамтран ажиллагчид ялангуяа эмэгтэйчүүдийг баривчлан саатуулахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг дурдаж” энэ бүхнийг таслан зогсооход хүчин чармайлт гаргахыг Хуульзүйн сайдаас хүсчээ. Тэгвэл түүний хүсэлт дээр монголын мянга мянган хөхүүл ээжүүдийг төлөөлөн хүсэх хүсэлт дайх үг байна.

“Хүүхэдтэй, жирэмсэн ээжүүдэд гэрээр нь ял эдлүүлье. Ял гэдэг бол хүний эрхийг хязгаарлаж байгаа л үйл явц гэж бид ойлгодог. Ял эдэлж байгаа хүн гадны аль нэг улс руу гарах боломжгүй болдог ба бүх үйлдлийг нь хууль сахиулагчид хянадаг. Тэгвэл жирэмсэн болон хөхүүл ээжүүдийн хуулиар хязгаарлагддаг бүхнийг хэвээр нь үлдээгээд хүүхдийнх нь эрхийг дээдэлж гэрээр нь хорьдог байя.

Өөрөөр хэлбэл, ээжийг нь шийтгэж байгаа нь энэ гээд хүүхдийг хөсөр хаядаг тогтолцоог халая. Ялтай хүн бол хэзээд ялаа эдэлж болох ба хүүхдээ хоёр нас хүргэж хэн нэгний асран хамгаалалтад шилжүүлээд гэм зэмээ үүрч болно. Бяцхан үрсийнхээ бурханаас захиалаагүй зовлонг нийгэм нь үүрүүлж ялладагаа болъё.

М.Мөнхтунгалаг


Сэтгэгдэл байхгүй байна

  • Baaska
    Ямарч хэцүү хорвоо юм бэ дөнгөж төрсөн нялх үр минь өрний тулам,хэрүүлийн бузар,архин далай яанаа монголчуудаа энэ нийгэм нэг л биш ээ
    2016 оны 03 сарын 23
  • Зочин
    Дорлигжавт мөнгө л чухал. Тэр өөрийнхөө охиныг ч мөнгөөр сольсон нүгэлтэн.
    2016 оны 03 сарын 23
  • -zochin
    hohuul huudedtei ehchuud gemt hereg hiij boloh yum bna shuu. bur onts notstoi gemt hereg hiisen ch horihgui yum bna shuu. zugeer l gemt herg uild dahiad hurdan huuhedtei bol tegeed l gertee saihan jargaad bai.
    2016 оны 03 сарын 22