• Эхлэл
  • “Ус ба ажлын байр” сэдэвтэй фото зургийн уралдаан болно

“Ус ба ажлын байр” сэдэвтэй фото зургийн уралдаан болно

2016/03/22

Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Энэ жилийн хувьд “Ус ба ажлын байр” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн “Дэлхийн усны өдөр”-ийг Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хот, суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Туул голын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн ахуй үйлчилгээний усны газар, Нийслэлийн боловсролын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр тэд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурлын үеэр дээрх өдөртэй холбогдуулан хийх ажлаа танилцуулсан юм. Энэ хүрээнд “Нэг өдөр, нэг цагт, нэг зэрэг” гэсэн уриатайгаар ЕБС-ийн 120 сургуульд усны нөөц, эрүүл мэндийн ач холбогдлын талаар дээрхи байгууллагууд хамтран хичээл заах, усны зохистой хэрэглээний талаар мэдээлэл түгээх, олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр “Ус ба ажлын байр” сэдэвтэй фото зургийн уралдаан зарлаж, сэдэвтэй уялдсан агуулгатай зургийг шалгаруулах юм байна.

Мөн 2015 оны ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээгээр 663 сая хүн сайжруулсан ундны усны эх үүсвэрээр хангагдаж чадахгүй байна. 2011-2050 оны хооронд дэлхийн хүн ам 7-9,3 тэрбум болж 33 хувиар нэмэгдэхийн зэрэгцээ хоол, усны хэрэгцээ 70 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна.

Дэлхий дээр жил бүр 1.7 сая хүн усны бохирдолт, ариун цэвэр эрүүл ахуйн асуудалтай холбоотой суулгалт өвчний улмаас нас бардаг бөгөөд ундны усны аюулгүй байдлын томоохон эрсдэл бүхий цэг нь хэрэглэгчдийн ус хэрэглэх, хадгалахтай холбоотой асуудал байдаг аж.

Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн тогтолцооны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх үе шатуудад эрсдлийн үнэлгээ хийсэн бөгөөд үнэлгээгээр Усны эх үүсвэрийн орчим эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын дэглэм алдагдаж, бохирдуулагч эх үүсвэрүүд бий болох, тохижилт, ариутгал цэвэрлэгээ хангалтгүй байгаа нь ус бохирдох, улмаар хүн амын дунд халдварт өвчин гарах эрсдэл үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа нь тогтоогдсон байна.

МХЕГ-ын 2015 он хийсэн хяналт шалгалтын дүнгээс харахад нийслэлийн ундны усны 7 эх үүсвэрийн худаг, өргөх, дамжуулах, халдваргүйжүүлэх станцууд, төвлөрсөн шугамд холбогдсон УТБ-ны уснаас авсан нян судлалын шинжилгээгээр “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, Түүнд тавих хяналт” MNS 0900:2005  стандартын шаардлагад нийцжээ. Харин зөөврийн ус түгээх байрны усны нянгийн бохирдол өмнөх оныхоос 2.8 хувиар буурсан байна.

Мөн нян судлалын үзүүлэлтээр төвлөрсөн эх үүсвэрийн 12.8 хувь, төвлөрсөн бус эх үүсвэрийн 28.1 хувь нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаа ба төвлөрсөн бус эх үүсвэрийн усны нянгийн бохирдолт нь төвлөрсөн эх үүсвэрээс 2.2 дахин илүү бохирдолттой байгаа аж.


Сэтгэгдэл байхгүй байна