Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд өндөр, өндөр барилга ар араасаа сүндэрлэх болсон.
Энэ нь Нийслэлийн өнгө үзэмжид сайнаар нөлөөлж байгаа ч Барилгын салбар ихээхэн хэл ам дагуулдаг. Зөвшөөрөлгүй газар барилга барьсан мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаа нь ийн хэл ам дагуулж байгаа аж.
Тэгвэл барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас өнгөрсөн сард баталсан билээ. Долоон бүлэг 26 зүйлтэй Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж есөн бүлэг 50 зүйлтэй болгосон байна.
Хуульд орсон эхний томоохон өөрчлөлт бол барилга, байгууламжийг төвөгшлөөр ангилдаг болсон явдал аж. Төсөл санаачлагчид барилгыг таван төвөгшилд хувааж, тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд зөвшөөрөл олгох асуудлыг шууд ангилалтай болгосон байна.
Нэгдүгээр ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг ямар нэгэн бүртгэл, зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх боломжтой бол II, III, IV, V ангилалд хамаарах барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх аж.
Барилгын эзэн хувь хүн болон хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгэлтэй байх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр хийж нийтэд нээлттэй болгохоор тусгасан байна.
Мөн тус салбарын томоохон асуудал болох чанар, аюулгүй байдлыг хуульд тусгай бүлэг болгон оруулсан бөгөөд барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байсныг нэг жил байхаар зохицуулалт хийсэн аж.
Цаашлаад барилгын чанар, элэгдлийн хугацааг ашиглалтын хугацаатай уялдуулан нарийвчилж, хуучин барилгыг Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж албадан буулгана.
Энэ жилийн хувьд барилгын ажил их байгаа бөгөөд хамгийн чухал асуудал болох хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах явдал юм.
Сэтгэгдэл байхгүй байна