Залуу дуучин Бэки сонгуульд нэр дэвшихээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлалаа. Тэрбээр энэ оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж, өрсөлдөх гэнэ.
Энэ тухайгаа тэрбээр: "Ганбат овогтой Мөнхбаяр миний бие УИХ-н 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдөх болсоноо найзууддаа албан ёсоор дуулгаж байна. Залуус бидний шинэ цаг эхэллээ.
Бидний шинэ үе, шинэ давалгаа, түрлэг эхлүүлэх цаг хэдийнэ болсон. Мөн иргэний зориг гаргаж бусад залуучуудыгаа хүчтэй уриалсан Нара найздаа давхар амжилт хүсье! Залуусаа нэгдье!" хэмээн бичжээ.
Харин дуучин Нара өөрийн цахим хуудаснаа “Би өөрийнхөө дуу хоолойгоор яг л ийм эх орноо гэсэн сэтгэлтэй чадалтай мундаг мундаг залуусыг зориг орон хүч түрж эх орноо гэсэн сэтгэлээр хамтдаа зүтгээсэй гэж хүссэн юм. Миний зорилго эхнээсээ биелэлээ олж байгааг харахад сайхан байна. Залуучууд сайн сайхан өөрчлөлтийг авчирч чадна, “Одоо л залуучууд бидний Эх Орныхоо төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулах цаг” хэмээжээ.
Ийнхүү дуучин Нар, Бэки нар бие биеэ дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэд залуусыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм. Хэдийгээр дуучид улстөрд ийн анхаарал хандуулах болсон нь зарим хүнийг гайхашруулж байгаа ч гэсэн нөгөө талаас сонгуульд хамгийн идэвхгүй ханддаг залуусыг идэвхжүүлэх бас нэг алхам боллоо гэсэн сайшаал бас байна. Ямартаа ч цэл залуу хоёр нэр дэвшигч энэ жилийн сонгуулийн бас нэг содон өнцөг, сонирхолтой обьект байх бололтой.
Нара нэр дэвшихээ илэрхийлснээс хойш олны анхаарлыг төвд байгаа. Тэрээр “15 раунд” хэмээх нэвтрүүлэгт оролцсон нь мөн л сошиал ертөнцийн бас нэг том сэдэв болоод байгаа. Хөтлөгчийн “Одоо дуулаад үзүүлчих” гэсэн хүсэлтэд эгдүүцэж, нэвтрүүлгийг орхин гарсанд зарим хүн дургүйцэж байгаа бол нэвтрүүлгийн дараагийн зочин хурц, хатуу үгтэйгээрээ алдартай УИХ-ын гишүүн асан “Буян”-гийн хэмээх Б.Жаргалсайхан дуучин Нара-г өмөөрөн хөтлөгч залууг эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй хандахыг хатуухан сануулсан нь бас нэг дуулиан дэгдээгээд байна.
Нара Бэки нарын дараагийн алхам юу байх бол?
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна