TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, М.Батбилэгийн эхнэр Г.Наранбилэг нь хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлж байгаа. Хэдийгээр тэд багагүй хугацаанд эмчилгээ хийлгэсэнд цаашид мөн эмчилгээгээ үргэлжлүүлэхэд санхүүгийн хүндрэл тулгараад байгаа тул сэтгүүл зүйн салбарын найз нөхөд нь хамтран түүний эхнэрт туслах хандивын аян эхлүүлэн, хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд хандах гэж байгаа талаар бид мэдээлсэн.
М.Батбилэгийн эхнэр Г.Наранбилэг химийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээг урт хугацаанд хийлгэхгүй бол амь насанд нь халтай гэдгийг БНСУ-ын эмч нар хэлсэн байна. Дараагийн химийн эмчилгээний зардлыг ирэх дөрөвдүгээр сарын 14-нөөс урьтаж олох зайлшгүй шаардлагатай байгаа юм байна. Сэтгүүлч М.Батбилэг нь эхнэрээ эмчлүүлэхээр Тайланд, БНСУ-ын эмнэлгүүдэд хандсан. Өмнө нь нэлээд эмчилгээ хийлгэсэн ч дахиад химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байна. Гэхдээ тэд өөрсдөө хандив хүсч олон нийтэд хандаагүй, харин сэтгүүлч найз нар тэдэнд туслахын тулд хандивын аян өрнүүлж байгаа гэлээ.
Хэвлэлийн бага хуралд оролцсон М.Батбилэгтийн хамтран зүтгэгч, ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргал
-Билгээ маань өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд чөлөө аваад явснаас хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ТВ9 телевизийн зүгээс Билгээтэйгээ, гэр бүлийнхэнтэй нь байнгын холбоотой байж эхний эмчилгээнд явах зардалд дэмжлэг үзүүлсэн. “Монгол коммент” нэвтрүүлгийн мянга мянган үзэгч, ард түмэн маань дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.
Мөн “Шилэн Цогоо” гэдэг нэрээр танигдсан Б.Цогтгэрэл
-Энэ оны эхнээс Билгээ маань эхнэрээ Тайландын Бумрунгранд эмнэлэгт эмчлүүлж багагүй хугацаанд байсан. Ханийх нь өвчнийг эмчлэх боломжтой гэж Тайван, БНСУ-аас хариу ирүүлсэн юм билээ. Одоогийн байдлаар Билгээ маань БНСУ-д сар орчмын хугацаанд эхнэрээ сахиж байна. Анхандаа ахан дүүс, найз нөхдийн хэмжээнд уг өвчнийг гэтэлж давъя гэж эр хүний сэтгэлийн тэнхээгээр хандсан. Гэтэл өнөөдрийн байдлаар эмчилгээний зардал маш өндөр гарч, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон. Тиймээс бид Билгээдээ хандаж , ятгаж байгаад ард түмнийхээ дэмжлэгийг авахаар шийдсэн. Орой болгон монголын ард түмэнтэйгээ шударга үнэний дуу хоолой болж ард иргэдийнхээ хэлье гэсэн үгийг хэлж явдаг сэтгүүлч Билгээдээ туслахыг хүсч байна” гэсэн юм.
Тэд “М.Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая” фэйсбүүк хуудсыг ажиллуулж байгаа бөгөөд аан банк 5007453924, Голомт банкны 1109126632 дугаарын дансанд хандив өгч болох нь. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн салбарынхныг “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг дэмжиж оролцохыг уриалсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна