• Эхлэл
  • Өлсгөлөн зарласан Г.Түвшинжаргалын захидал

Өлсгөлөн зарласан Г.Түвшинжаргалын захидал

2016/03/28

Баривчлагдан саатуулагдаад байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал хэмээх бүсгүй өлсгөлөн зарласан тухай мэдээлэл гарсан. Харин өнгөрсөн баасан гаригт үүнийг цагдаагийн байгууллагын зүгээс албан ёсоор өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн зүйл байхгүй гэж үгүйсгэж байсан юм. Тэгвэл түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өлсгөлөн зарласан болохыг нь мэдээллээ. Өмгөөлөгчийн авсан мэдээллээр бол Г.Түвшинжаргал өнгөрөгч ням гаригт өлсгөлөн зарлажээ. Тэрээр мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал бичжээ.

Тэрээр захидалдаа " Та "Эхийн цагаан сүүний ард хор хулгай нуугдах ёсгүй" гэж хэлснийг өмгөөлөгчөөсөө сонсоод энэ захидлыг бичиж байна. Намайг цагаан сүүгээрээ хор, хулгайг нууж байгааг та яаж мэдэж байгаа юм бэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй, би ч гэм хийгээгүй атал миний зүтгэж явсан ардчилсан ерөнхийлөгч олон нийтэд намайг гэмт хэрэгтэн мэтээр зарлаж байгаа нь надад хилсээр ял тулгах нь хэдийнэ тодорхой болчихсон юм байна гэж ойлгогдож байна" хэмээн бичжээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг гэрээс нь баривчлахад хөхүүл хүүхэдтэй бүсгүйг ийн хорьж саатуулсанд УИХ-ын гишүүн Г.Уянга нар эсэргүүцэл илэрхийлж байсан. Үүний дараа бүсгүйг хүүхэдтэй нь уулзуулж, хөхүүлэх боломжийг хангаж байгаа гэж цагдаагийнхан мэдэгдсэн ч өмгөөлөгч нь хүүхэдтэй нь долоо хоногт ганцхан удаа уулзуулах болсон гэж хэлж байна.

Ийн хөхүүл эмэгтэйг хорьж саатуулсныг буруутгасан мэдээлэл тархаж байх зуур Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твийтэрчид, фэйсбуукчидтэй уулзах үеэрээ  

-Хуулиас зугтдаг, даварсан хоёр этгээд байна, улс төрийн хүрээнд. Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг. Захиалгат нэвтрүүлэг хийдэг, хөлсний бичээч, хөтлөгч, сэтгүүлч юу байдаг түүгээрээ гүтгүүлдэг. Ёс зүйтэй хүмүүс олон байгаа.

-Нэг асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи. Та бүхэн мэдэж байгаа. Түүнд автаад байх шаардлагагүй ээ. Ер нь Монголд хуулийн засаг тогтох уу, хулгайчийн засаг тогтох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Ард түмэн бол хуулийн засаг тогтоох талд байгаа. Тийм учраас буруу юм хийж, хууль зөрчвөл би өмөөрөхгүй. Гэсэн утгатай үг хэлсэн. Эхнийхийг МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарт хандан хэлсэн үг гэж олон нийт томьёолсон бол удаахь хэсгийн үг хоригдож байгаа Г.Түвшинжаргалын өлсгөлөн зарлах, захидал бичих шалтгаан болсон бололтой.

Өмгөөлөгчийнх нь хэлснээр бол Г.Түвшинжаргал хоол идэхгүй, нарлагаанд гарахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хорихын дэлгүүр ажиллахгүй байгаа учраас энд тэндээс ус гуйж өл залгаж байгаа. Зөвхөн усаар амаа чийглэж байгаа учраас биеийн байдал хүндэрч байгаа гэжээ.

Өлсгөлөн зарлаад байгаа Г.Түвшинжаргалын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан бичсэн захидалдаа 

"...Та "Эхийн цагаан сүүний ард хор хулгай нуугдах ёсгүй" гэж хэлснийг өмгөөлөгчөөсөө сонсоод энэ захидлыг бичиж байна. Намайг цагаан сүүгээрээ хор хулгай нууж байгаа гэж та яаж мэдэж байгаа юм бэ, гэдгийг ойлгохгүй байна. Уг нь шүүхээс гэм буруутай гэж тогтоогоогүй, би ч гэмт хэрэг хийгээгүй атал миний зүтгэж явсан Ардчилсан Ерөнхийлөгч өөрөө олон нийтэд намайг "гэмт хэрэгтэн" мэтээр зарлаж байгаа нь надад хилсээр ял тулгах нь хэдийнээ тодорхой болчихсон юм байна гэж ойлгогдож байна.

Шоронгийн харанхуй өрөөнд нялх үрдээ сэтгэл зовинон тарчилж, чинэрсэн хөхөө суллах гэж аргаа барж суухдаа өөрийнхөө дэмжиж ирсэн ардчилсан гэгдэх энэ нийгэмд, хилс хэргийн золиос болж байгаадаа туйлын ихээр гомдож байна. Гэхдээ хөхнийхөө сүүг зангируулан нялх үрийнхээ шулганах дууг цаг хором бүрт чихэндээ сонсон, нүдэндээ харж, байж ядахдаа асгартал уйлмаар байгаа ч энэ худал хуурмаг бүхний төлөө унагах миний нулимс дэндүү хайран байна. Би одоо хэндээ итгэх вэ...

Ийм харгислалыг ийм газар өлсгөлөн зарлаж тэмцэхээс өөр арга надад харагдахгүй байна..." гэжээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна