Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “21:100” үйлдвэржилтийн шинэ бодлого” дэвшүүллээ. Энэ нь үндсэндээ хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх тухай аж.
Энэхүү бодлогоор 2021 оноос өмнө 21 аймагтаа хөнгөн үйлдвэрийн парктай болж, 100 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай бодлого юм байна. Хөнгөн үйлдвэрийг аймаг бүрт хөгжүүлснээр эдийн засгийн тусгаар тогтнолоо олж чадна гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн.
Монголчууд нэг үеэ бодвол үйлдвэржилтийн бодлогыг түлхүү баримтлахаа илэрхийлээд буй. Энэ хүрээнд Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай хууль зэрэг эрх зүйн бичиг баримтуудыг батлан гаргасан. Үйлдвэрлэгч улс болох чиг зүгээдээ бид алгуур ч гэсэн алхам хийж байгааг өнгөрөгч амралтын өдрүүдээр бас анзаарч мэдлээ.
...Төмөр замын төв буудлаас зүүн тийш зам дагуух хэдэн дэлгүүрийн хаяг анхаарал татаж зорьж орлоо. Зөвхөн эх орны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг юм байна. Амралтын өдөр ч гэлээ хүн зон олонтой аж. Юм юм л байна. Оёмол, нэхмэл, арьс эсгий гээд манай уламжлалт бүтээгдэхүүнүүд. Хийц хэлбэр талаасаа бол хэнд ч гологдохооргүй болжээ.
Харин энэ зуур Монголын маань нэр нүүр болсон, биднийг дэлхийн улс орнуудад таниулдаг ямар бүтээгдэхүүн байдаг билээ хэмээн эргэцүүлж нэг үзлээ. Ноолуур л санаанд буугаад байна. Үнэндээ ноолуур ноолуур гэж ярьдаг, бахархдаг хэдий ч дэлхийн ноолууран бүтээгдэхүүний зах зээлд бид бусдын түрүүнд нэрлэгдэх орон зайгаа эзэлж чадаагүй л байна.
Том том брэнд гээд яахав, зүгээр л тухайн улс оронд ирсэн хэн боловч худалдаж авдаг жижиг хэрэглээний зүйлсээрээ дамжуулж л дэлхийн хүмүүстэй танилцах хэрэгтэй болох байх. Жишээ нь, ОХУ-д очсон хүн матрушка модон хүүхэлдэйг, Тайландад зорчсон бол матар, могойн арьсан цүнх, хэтэвч, Швейцариас цаг, цэргийн зориулалттай хутгыг нь заавал худалдаж авдагтай л адил. Хийж бүтээж буй бараа бүтээгдэхүүнээ эхлээд эх орондоо брэнд болгоод авахад дараачийн алхам нь экспорт болно. Эрхэм гишүүн С.Бямбацогтын нэрлээд байгаа тэр хөнгөн үйлдвэрүүдийн парк ч энэ жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бааз суурь дээр л хөгжинө.
Монголд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх анхны уриа болж “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн нь нэлээд хэдэн жилийн өмнөх явдал. Одоо бараг мартагдах шахжээ. Монгол улс 21 аймаг, 300 гаруй сум суурин газартай. Тэр бүгд өөрийн гэсэн нэг нэг бүтээгдэхүүнээр эх орондоо танил болж чадах уу. Тийм ч бүтэшгүй санаа биш. Нутаг, нутгийн онцлог, давуу тал гэж бий.
Жишээ нь, Сэлэнгийн Шаамарын зөгийн бал, Өмнөговийн ингэний сүү, хоормог, Хөвсгөлийн Цагааннуурын загас, Архангай, Хөвсгөлийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, Баянхонгорын Бууцагааны ямааны ааруул, Говьсүмбэрийн каракуль хурганы арьс гэхчлэн хэдийнэ олны хүртээл болсон брэндүүд бий. Ингэний сүү цагаан идээг Японы зах зээлд гаргах асуудал яригдаад эхэлж байна. Дэлхийн өөр аль ч улсад үйлдвэрлэдэггүй, зөвхөн Монголын гэсэн тодотголтой ааруул ээзгий, борц мэтийн бүтээгдэхүүний давуу талыг судалж сурталчилж, таниулж чадвал дэлхийн зах зээл дээр өндөр үнээр борлуулах боломж байна. Ээзгийг бол элэгний ганц тэжээл гэж ярьдаг нь үнэн.
Солонгосууд Монголд ирээд адууны чөмөгний ясаар кальцийн бэлдмэл хийж дэлхийд танигдсан брэнд болгочихсон. Говьд ингэний боз гэж гайхамшигтай ундаа хийдэг. Ядаргаанд бол янзтай л гэх юм билээ. Солонгосууд улаан чавга, сонгино сармисаа хандалж болгоод байхад бид яагаад энэ мэт экологийн цэвэр бүтээгдэхүүнээ өөд нь татаад сав, баглаа боодлыг нь дэлхийн стандартад нийцүүлж болохгүй гэж. Манай шинжлэх ухааны байгууллагынхан хэт холын судалгааг шүүрч, хөрөнгө мөнгөний зовлон тоочиж сууснаас дэргэд байгаа ээзгий ааруул мэтийн уламжлалт бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах судалгаа хийвэл бүр гоё.
Техник, технологийн дарангуйллын ийм цаг үед Монголынх шиг жинхэнэ “ориг” бүтээгдэхүүний үнэ цэнэ өснө үү гэхээсээ буурна гэж үгүй. Эрэлт нь нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй.
Дашрамд дурдахад “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг анхлан санаачлагч нь Тайланд улс юм билээ. Бангкокын томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд “ОТОР” /One Tambon One Product/ гэсэн хаягтай тусгай танхим, лангуу заавал байдаг.
Энд мөнөөх нэг суурингийнхаа бүтээгдэхүүнийг худалддаг. Тайландын жижиг үйлдвэрлэгчид хийсэн бүтээснээ хилийн чанадад борлуулаад ирэхээр өөрсдийгөө дэлхийн эдийн засгийн нэг хэсгийг бүтээгчид гэдгээ мэдэрдэг хэмээн ярьдаг юм. Харин бидэнд одоогоор энэ мэт дэмжлэг хараахан алга.
Сэтгэгдэл байхгүй байна