Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооныхон өнөөдөр хэвлэлийн хурал зарлан газар тариалангийн салбарт бодит гамшиг болсон гэдгийг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв.
Тариалан эрхлэгчид өнгөрсөн онд цаг агаарын халалт болон салбар яамны хариуцлагагүй байдлаас шалтгаалан нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдаж эдийн засаг, санхүүгийн асар их хохирол хүлээжээ.
Монголын үр тариа эрхлэгчдэд 50 жилийн түүхэнд хамгийн хэцүү цаг үе тулгараад байгаа аж.
Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд нийт тариаланч иргэд, аж ахуйн нэгжүүд 350 мянга гаруй га-д тариалалт хийж, гурилын стандарт шаардлага хангасан 113 тонн улаанбуудай хураасан нь ургацынхаа 80 хувийг алдсан байна. Учир нь нөхцөл байдалд үндэслэн үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажлыг хийгээгүй аж.
Ингэснээр банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү, алданги зэрэгтэй нийлээд 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амсаад байгаагаа хэлж байна.
Тиймээс дээрх нөхцөл байдлыг үндэслэн газар тариалангийн салбарт бодит гамшиг болсон гэдгийг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.
Мөн ХХАА сайд Р.Бурмаагийн тооцоо судалгаагүй хавтгайруулан 70 гаруй ААН-үүдэд олгосон зөвшөөрлийг дөрөвдүгээр сарын 1-нээс хойш импортлохыг цуцалж хүчингүй болгохыг шаарджээ. Импортлохыг цуцалснаар гурилын хомсдолд орохгүй гэдэг баталгааг тэд өгч байна.
100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ирэх сарын 1-ний дотор яаралтай олгуулах шаардлагыг ч мөн тавьжээ. ХХААЯ болон сайд Р.Бурмаа энэ тал дээр ажиллахгүй байгаагаас энэ хаврын тариалалтын ажил оройтож байна гэдгийг онцлов.
Япон улсын ХАА-г дэмжих KR төслийн мөнгөөр ХХААЯ бордооны тендер хоёр удаа зарлаж, улмаар будилж ОХУ-д 600 мянган төгрөгийн үнэтэй бордоог хоёр нугалж тариаланчдад шахааны бизнес хийж байгааг зогсоохыг ч шаардав.
ХХААЯ-ыг ямар нэ тендергүй тариаланчдад зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй.
2016 оны нийт хэрэгцээт улаанбуудайн хэмжээ, үнийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор Монгол Улсын Засгийн газар ХХААЯ зарласнаар тариаланчид тариалалтаа хэвийн үргэлжлүүлэх, хураан авсан улаанбуудайгаа борлуулах асуудал хэвийн явагдана гэж тэд үзэж байна.
Дээр дурдсан алдаатай бодлого шийдвэрийг гаргасан салбарын сайдыг ирэх сарын 1-н гэхэд огцруулж хариуцлага тооцохыг тэд шаардаж байна.
Хэрэв шаардлагуудыг биелүүлэхгүй бол энэ жил тариалалт хийх боломжгүй бөгөөд цаашид тэмцлийн хэлбэрээ өөрчилж дөрөвдүгээр сарын 15-нд Чингисийн талбайд 10 мянган тариалан эрхлэгчид техниктэй жагсаал зохион байгуулна гэв.
Сэтгэгдэл байхгүй байна