• Эхлэл
  • Сонгинохайрхан дүүрэг хүүхэд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов

Сонгинохайрхан дүүрэг хүүхэд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов

2016/03/30

Сүүлийн жилүүдэд анхаарал татах болсон асуудлын нэг бол компьютер болон ухаалаг гар утасны хэрэглээнд донтох. Өсвөр насныхан гар утсанд ихээр донтож байгаа, эмчилгээ хийлгэх хүртэл ужиграх болсон.

Тэгвэл үүнтэй холбоотой тогтоол гарчээ. Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн ИТТХ-аас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглох тухай тогтоол гаргасан байна. Үүгээр сурагчид сургуулийнхаа орчинд ухаалаг гар утас, ай падыг огт авчрахгүй байх, хичээлийн бус цагаар хэрэглэж болох зохицуулалтыг хийсэн аж.

Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд нэвтрүүлэхийг хориглох бөгөөд тус дүүрэгт ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн судалгаагаар 24 мянга 783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас /мэдрэгчтэй/ хэрэглэдэг нь тогтоогджээ. Мөн ухаалаг гар утастай хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох ч тохиолдол бий гэдгийг сануулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн гадна хүүхдүүд гар утсаа дээрэмдүүлж, зодуулах явдал гардаг.

Үүнээс гадна энэхүү хэрэглээ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа буюу нүдний хараа муудах, нүдний эвэрлэгийн үрэвслээр өвчлөх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэх болжээ. 2015 онд дүүргийн Эрүүл мэндийн Нэгдлийн нүдний эмчид 15 мянга 329 хүүхэд үйлчлүүлсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 5001 хүүхэд буюу нийт сурагчдын 27 хувь  эмчид хандсан байна.

Харин энэ тогтоолын талаар иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.

Иргэн: Чухал асуудал шийдлээ гээд л байх юм. Энэ тийм чухал биш гэж бодож байна. Сургууль дээрээ, сургуулиас гадна өөр утас барьдаг баян сурагч гэж хаа байх билээ. Эсвэл дан баячууд байдаг дүүрэг юм уу? Энэ тогтоол дээр алдаа байна, үүнд баян ядуугын ялгаа ч гарч мэдэх юм.

Иргэн: Хүүхэддээ хоёр гар утас авч өгөх хэрэгтэй болох нь ээ. Нэг нь сургуульдаа явахдаа хэрэглэх нөгөө нь сургуулиасаа өөр газар хэрэглэх. Эд нар хийх юмаа олж ядах юм. Зүгээр л хэрэглээг нь хязгаарлахын тулд цаг гаргавал яадаг юм бол. Хоёр утас авч өгнө гэдэг сөрөг талтай.

Иргэн: Хоёр утастай болхоор нөгөө л дээрэм чинь ихэссэх юм биш үү. Тэгээд ч хүүхдийг хоёр утастай байлгах шаардлага байхгүй. Зүгээр л ухаалаг биш утастай болгоход л болно. Харин гэртээ компьютер хэрэглээг нь хязгаарлаж цагтай болгох хэрэгтэй.

Иргэн: Энэ дүүрэгт өөр хийчих ажил байхгүй байгаа юм байх даа л гэж харлаа. Хүн ам ихтэй, ядуурал ихтэй дүүрэг атал ийм зүйлд санаа тавьж байдаг хачирхалтай санагдаж байна. Үүнийг эцэг эхчүүд өөрсдөө шийдэх боломжтой. Интернет орчинг нь хязгаарлахад л болох асуудал. Харин тэр дүүрэгт байгаа ядуу иргэддээ туслах ажил хиймээр юм. 


Сэтгэгдэл байхгүй байна