• Эхлэл
  • Б.Цогтбаатар: Давсны хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулна

Б.Цогтбаатар: Давсны хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулна

2016/03/30

Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийн газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хурлаар давсны илүүдэл хэрэглээ нь цусны даралт ихсэх, яс сийрэгжих болон зүрхний шигдээс, тархины цус харвалт, ходоодны хавдар зэрэг өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл болж, олон сая хүнийг эрт нас барахад хүргэж байгаа талаар мэдээлсэн юм.  

Ингээд Анагаах ухааны доктор Б.Цогтбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын хувьд давсны хэрэглээ хэдэн хувь бууруулах шаардлагатай байгаа вэ?  

-Монголчуудын давсны хоногийн хэрэглээг таван грамм хүртэл багасгахад  тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, жилдээ бүс нутгийн хэмжээнд 600 мянга, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг дээрх өвчнөөс үүдэлтэй нас баралтаас сэргийлэх боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (цаашид “ДЭМБ” гэх)-аас тогтоосон байдаг.

Баруун бүсийн аймгуудад давсныы хэрэглээ өндөр байдаг. Энэ өндөр хэрэглээг бууруулахад  стартегийн үйл ажиллагаа чиглэж байгаа юм.

-2025 он хүртэл давсны хэрэглээг хэдэн хувь бууруулах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-ДЭМБ-ын “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах стратеги” (2012-2025),  ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн дээрх асуудлаарх стратегид хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлж, энэхүү стратегийг өөрийн орны төвшинд боловсруулан хэрэгжүүлэхийг гишүүн орны Засгийн газарт зөвлөмж болгосон.

Стратегийг 2015-2025 онд хэрэгжүүлж, дунд шатны хэрэгжилтийн үнэлгээ, хяналт-шинжилгээг 2020 онд, төгсгөлийн шатны үнэлгээ, хяналт-шинжилгээг 2025 онд хийнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга, тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага нь стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, дүнг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн зөвлөлөөр хэлэлцүүлж, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор эрүүл мэндийн болон хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна.

-Хэрэглээг бууруулахад ямар ямар чиглэл гаргаад байгаа вэ?

-Үндсэн гурван чиглэл байгаа. Үүнд: Нэгдүгээрт, Давс багатай хоол, хүнсний импорт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хэрэглээг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, Хүнсний давсны агууламжийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог дэмжин, хүнсний импорт, үйлдвэрлэл болон хүн амын хэрэглээнд тавих давсны агууламжийн хяналтыг сайжруулна. Гуравдугаарт Хүнсээ зөв сонгох, давсыг зохистой хэрэглэх мэдлэг, дадлыг эзэмших орчинг бий болгох замаар хүн амын давсны хэрэглээг бууруулна гэсэн гурван үндсэн зорилт байгаа.

Стратеги хэрэгжээд дуусах 2025 оны эцэст 11.2 грамм байгаа давсны хэрэглээ хоногийн нэг хүний хэрэглэх давсны хэмжээ 7.8 грамм болж буух ёстой. Энэ нь бидний тавьж байгаа хүрэх ёстой үр дүн юм.

-Дээрх ажлыг хийхэд хаанаас санхүүжилт авах вэ?

-Үндэсний стратегийг хэрэгжүүлэх санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, хүнсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн хөрөнгө, төрийн бус байгууллага, иргэдийн хандив, тусламж, гадаадын зээл, тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр байгаа.

 


Сэтгэгдэл байхгүй байна