• Эхлэл
  • “Монголоо аварья” хөдөлгөөнийхөн эдийн засагт дэнлүү асаана

“Монголоо аварья” хөдөлгөөнийхөн эдийн засагт дэнлүү асаана

2016/03/31

Монгол Улс граммын эдийн засагт шилжив. Бай­галийн баялаг ихтэй Монгол Улс модоо барихад ойрхон байгаад зарим нь эргэлздэг л юм.

Гэвч төрийн харалган бодлого, эрх баригчдын шуна­лаас болж өнөөдрийн нөхцөл байдал бий болсныг эдийн засагчид, улстөрчид гээд нийтээрээ үг дуугүй хүлээн зөвшөөрдөг.

Ямартаа л Солонгос кинон дээр гар­даг мөнгө хүүлэгчдийн да­рамт шахалт, амиа хорлолт, гэр бүлээрээ дарлуулдаг бай­дал манай оронд бодит биеллээ олжээ.

Энэ тухай Хувиараа худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хам­гаалах холбооныхон өчигдөр мэдээлэл хийсэн. Тэдний хэлж байгаагаар зөвхөн “Хар хорин” худалдааны төвд  гэхэд 30 гаруй мөнгө хүүлэгч байдаг гэнэ. Худалдаачид мөнгө хүүлэгчдэд зээлээ төлж чадахаа болихоор гэртээ харьдаггүй, ор сураггүй алга болдог, эсвэл амиа хорлодог болж. Нөхцөл байдал ийм дээрээ ирчихээд байхад эрх баригчид тэс өөр тайлбар хийдэг. 

Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд ам.доллар 5000 төгрөгт хүрэх байсныг харин ч 2000 төгрөгт тогтоон барьж байгаа нь эрх баригчдын гавьяа гэж ам алдсан. Харин сөрөг хүчний намын дарга М.Энхболд иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болсныг нийтэд мэдээлсэн. Энэ мэтчилэн тэнгэр газар шиг зөрүүтэй мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байгаа тул төрийн гурван өндөрлөгт “Монголоо аврах хөдөлгөөн”-ий залуус гурван асуулт тавилаа.

1.    Өнөөдөр нэг  монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ?

2.    Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?

3.    Монголчууд бид хэзээ эх орондоо хүн шиг сайхан  амьдрах вэ?

Эдгээр асуултын хариултыг ажлын гурав хоногт буюу ирэх сарын 4-ний өдрийн 12.00 цагт авах гэнэ. Хэрэв тэд ямар нэг байдлаар хариулт өгөхгүй бол шаардлага болгож хувиргахаа ч мэдэгдсэн. Гэхдээ хэн нэгнийг огцор, албан тушаалаасаа татгалз гэсэн шаардлага тавиагүй учраас хариу өгөхгүй байх шалтгаан байхгүй гэж тайлбарласан юм.

Түүнчлэн дээрх асуултуудаа жирийн иргэд, олон нийтээс ч асууж, хариулт авахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвүүд болон орон нутагт явуулын цэг ажиллуулж иргэдийн хариултыг авах юм байна. Улмаар төрийн өндөрлөгүүдийн өгсөн хариулт болон иргэдээс авсан байр суурийг нэгтгэн нийтэд мэдээлэх болно гэдгээ хөдөлгөөний тэргүүн Б.Ганхуяг мэдэгдсэн. Тэрбээр “Нийгмийн амьдрал бараан саарал байна.

Улс нь ч, иргэд нь ч өрнөөс өрний хооронд өдөр хоногийг аргацаан өнгөрөөх боллоо. Гэтэл төр засгийн удирдлагад байгаа эрхмүүд маш хол зөрүүтэй мэдээлэл хийдэг. Нэг нь иргэн бүр өрөнд орсон тухай хэлж байхад нөгөө нь харин ч өөдрөг гэгээлэг байгааг онцолдог. Хэдийгээр статистикийн газар нэг иргэнд хичнээн төгрөгийн өр ногдож байгааг гаргадаггүй ч Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын гадаад өр 21.6 тэрбум ам.доллар хэмээн хэлж байсан. Мөн өр, зээлтэй улсуудын жагсаалтад Монгол Улс хоёрт эрэмбэлэгдэж байна билээ. Цаашлаад ДНБ-ий 186 хувьтай тэнцэж байна” гэсэн.

Мөн ажилгүйчүүдийн тоогоороо ч манай улс дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байгааг тэрбээр онцолсон. Өдгөө ажилгүйдлийн түвшин 11 хувь буюу 140 гаруй мянган иргэн лааз өшиглөж яваа гэнэ. Гэвч үүнийг эрх баригчид төдийлөн их тоо биш хэмээн үздэг аж. Гэтэл АНУ ажилгүйдлийн түвшин нь 9.4 хувийг хэт өндөр хэмээн тодорхойлж шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг байна. Хэдийгээр хүн ам ихтэй ч бүхий л боломжоо ашиглаж байхад манай улс харин ч эсрэгээр нь ажилладаг гэлээ.

Уг нь эрх баригчид “Ажилтай, орлоготой Монгол хүн”-ийг бий болгохоо амлаж, УИХ-ын сонгуулиар олуулаа болсон ч мөрийн хөтөлбөрөө биелүүлэхгүй байгаад сэтгэл гонсгор яваагаа ч дуулгасан. Түүнчлэн залуучууд нь байрны зээлтэй, утас нь ломбардад гэх байдлаар өрнөөс өрний хооронд амьдарч байна. Арай гэж нэг ажил олохоор аль нэг хурган дарга нь солигдож, өөрийнхөө хүнийг авахын тулд хоморголон халдаг үзэгдэл хэвшил болсныг энэ үеэр дурьдсан. Иймээс тогтвортой ажлын байр үгүйлэгдэж байгааг онцолсон.

“Монголоо аварья” хөдөл­гөөн уг нь өмнө нь клуб нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, саажилттай хүүхдүүдэд тусладаг. Одоогоор 23 хүүхдэд тусалж байгаа аж. Энэхүү хүмүүнлэгийн ажлаа зогсоохгүй үргэлжлүүлэхээ ч тэд мэдэгдсэн. Клубээ хөдөлгөөн болгож, төрийн гурван өндөрлөгт асуулт хаягласнаар улс төр хийх гээгүй гэнэ. Мөн улс төрд орох ч өнөөдөр цаг үе нь биш гэдгээ хэлсэн. Нийгэм эдийн засгийн байдал сааралтаж, манантсан энэ үед эрч хүчийг бэлэгдэж улаанаар ижилссэн эдгээр залуус дээрх асуултууддаа хариулт авч, хариуцлага алдсан эздийг нь олж, улс орны хөгжлийг доройтуулсан асуудлаас гарах гарц шийдлийг олохын төлөө тууштай тэмцэхээ илэрхийлсэн нь энэ.

                                                                                          

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна