Монгол Улсын хувьд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас үүдэлтэй маш олон хүүхэд гэртээ байгаа талаар асуудал үүсээд удаж байна. Үүнтэй холбоотой хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батласан.
Тэгвэл хүүхэд харах багш нарыг бэлтгэж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл бэлтгэл ажлын хүрээнд 150 сургагч багш бэлдсэн. Эдгээр багш нийтдээ 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгожээ.
Мөн хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан цэцэрлэгүүд нь улсын цэцэрлэгийн нэгэн адил зуны улиралд амарч есдүгээр сараас хүүхдүүдээ хүлээн авч хичээллэх аж. Түүнчлэн дээрх үйлчилгээ нь тодорхой стандартын дагуу байх ба нэг хүүхдэд 2.5 кв.м зай талбай оногдох ёстой, өрөөний температур, халаалтын горим зэрэг шаардлагуудыг хангасан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулж байгаа юм байна.
Улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан бөгөөд төсөвт багтаан улсын хэмжээнд 10328 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах аж. Нэг хүүхдийн хувьсах зардал нь сарын 116700 төгрөг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардал нь үүнээс хоёр дахин их буюу 233400 төгрөг байх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна