Нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт гал түймэр гарсаар байна. Түймэр гарах шалтгаан нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас улбаатай байх нь их аж. Анхаарал болгоомжгүй байдлаас болж гал түймэр гарах нь бий.
Тэгвэл улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 2 га ой, 39.350 га хээр, нийт 39,352 га талбай түймэрт өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн улмаас 2 гэр, нэг саравч шатаж, 40 толгой мал өртөж хорогджээ.
Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 86 албан хаагч, 6 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 79 албан хаагч, 7 автомашин, 2 мотоцикль, орон нутгаас 192 иргэн, 19 автомашин тус тус дайчлагдан нийт 357 хүн, 32 автомашин, 2 мотоцикльтой ажилласан байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр цурмандаа орсон байгааг бүрэн унтраахаар ажиллаж байгаа ба гуравдугаар сарын 30-ны өдрийн 16:46 цагт Сүхбаатар аймаг Наран сумын хоёрдугаар багийн нутаг “Бага-уул Арын гуу” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн Онгоны отрядын 6, 7-р заставаас 18 албан хаагч, 2 автомашин, 2 мотоцикль, орон нутгаас 57 иргэн, 5 автомашин, нийт 87 хүн, 8 автомашин, 2 мотоцикльтой ажиллаж өнөө өглөө буюу гуравдугаар сарын 31-ний өглөөний 03 цаг 40 минутанд түймрийг цурманд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Ер нь хаврын хуурайшилт эрчимжиж түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна