Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн билээ.
Хөтөлбөр 14 хоногийн хугацаанд явагдсан ба түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй нийт 4000 гаруй иргэн хүсэлт гаргасанаас 1800 иргэний бүрдүүлсэн материал журамд заасны дагуу шаардлага хангасан байна.
Мөн бүртгэлд хамрагдаж амжаагүй болон материал нь шаардлага хангаагүйгээс буцаагдсан иргэдийг гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл бүртгэж энэхүү хөтөлбөрийн бүртгэл дуусгавар болсон.
Мөн бүртгэл дууссны дараагаар нэгдсэн байдлаар ирсэн бүх материалыг журмын хүрээнд дахин шалгах бөгөөд тэндээс шаардлагад нийцсэн материалуудаа гаргаж бүлэг тус бүрт сугалаа явуулах тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн бүртгэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн үзэж Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Барилга хот байгуулалтын сайд З.БаянСэлэнгэ болон Төрийн орон сууцны корпорацийн захирал нарт шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Монголын Улсын хувьд 108100 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 300 гаруй нь түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаа аж. Тэд бүгд төлбөрөө төлөх чадамжтай гэдгээ илэрхийлжээ. Харин энэ хүмүүсээс сугалаагаар 18 хүн авах нь тохиромжгүй хэмээн үзэж буй аж.
Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчсөн, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцаар хангах үүргээ Засгийн газар хүлээж чадахгүй байна гэсэн тайлбарыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэлсэн бөгөөд квотыг нэмэгдүүлж, 10 болгох хүсэлтэй байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна