Сонгуулийн жилийн хавар Монголын улс төрийн амьдралд ч гудамжны жагсаал тэмцэлд онцгой сонин мэдээ бүхий сонирхолтой хавар үргэлжилж байна.
Зөвхөн гуравдугаар сарын сүүлч дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт лав л гурван жагсаал болсон. Зарим нь дан цэнхэр, зарим нь дан улаан туг хиур намируулсан жагсаал цуглааны өнгө төрх нь ч зорилгоо илтгэж байх шиг. Тэгвэл Монголын залуучуудын холбооноос энэ удаад бас өвөрмөц гэж хэлж болохоор жагсаал зохион байгуулна гэнэ.
Өвөрмөц гэхийн учир нь тэд дан гутал жагсаана гэнэ. Үүнийгээ гутал бүрийн цаана хэлэх санаа, тулгарсан асуудал байгаа гэж тайлбарлаж байгаа аж.
Тэд “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж, хүний эрх зөрчигдөж, иргэдийн амьдрал улам бүр доройтож, цагдах, хорих, баривчлах, эрх хасах, ажлаас халах, торгууль ногдуулах зэрэг үгс л илүү хүчтэй сонсогдох болсон нь хатуу үнэн. Харин энэ бүх айдас гутланд байхгүй” гэж жагсаалаа тайлбарлажээ. Энгийн үгээр бол жагсагч этгээд болох гуталнуудыг баривчлах, хорих аргагүй гэсэн санаа юм уу даа.
Гэтэл бас гуталнууд “үг хэлнэ” гэж байгаа. Олон араншинт хаврын улирлын олон янзын жагсаал цуглааныг ойлгоход ч хэцүү мэт.
Дашрамд сануулахад МЗХ хэмээх залуучуудын байгууллага сонгуулийн энэ жил асар их идэвхтэй байна. Тэд 1992 оноос хойшхи “100 хар үйл явдал”-ыг жагсааж бичээд байгаа. Энэ жагсаалтаа гуталнуудын жагсаалын үеэр танилцуулах бололтой юм.
МЗХ-ныхноос удирдан зохион байгуулж байгаа гуталнуудын жагсаал дөрөвдүгээр сарын 7-нд болох бөгөөд хүн бүр нэг илүү гутлаа сугавчлаад очоорой гэж зохион байгуулагчид зөвлөж байна. Хэрвээ ажил, хичээлтэй завгүй бол гутлаа дангаар нь илгээж болно гутал тань таныг төлөөлж талбай дээр “үгээ хэлнэ” гэнэ шүү.
Дашрамд энэ жилийн эсэргүүцлийн арга хэмжээний бас нэг “тренд” оймс болоод байгаа. Дөрвөн жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед “оймс гозолзуулах” гэдэг үг шинээр гарч ирсэн бол Л.Наранбаатар гэх залуу УИХ-ын дарга руу оймсоо шидсэнээс хойш оймс мода-нд орсон.
Уг нь бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Буш руу гутал шидсэн Иракийн сэтгүүлч тухайн үедээ дэлхий даяар шуугиан тарьж, сэтгүүлч хоригдож, харин шидсэн гутал нь “од” болж, хамгийн борлуулалттай гутлаар шалгарч байв даа.
Харин Монголд жагсах гуталнууд ямархуу “эд” байх нь вэ гэдэг сонин л юм. Жагсаалаа дуусгаад Төрийн ордон руу баахан гуталнууд нүүлгэнэ гэдэгт нэг их эргэлзэх хэрэггүй л болов уу.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна