• Эхлэл
  • Дээвэргүй цэцэрлэгт хүүхдүүд хүмүүжиж байна

Дээвэргүй цэцэрлэгт хүүхдүүд хүмүүжиж байна

2016/04/05

Нийслэлийн Баянгол дүүргийн 95-р цэцэрлэгт МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсролын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Тус шалгалтаар 95-р цэцэрлэгийн үйл ажиллагаа өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Учир нь цэцэрлэгийн өргөтгөлийн буюу давхар нэмэх барилгын ажлыг өнгөрөгч 2015 оны аравдугаар сард хийсэн боловч гүйцэтгэгч компани тодорхойгүй шалтгааны улмаас арваннэгдүгээр сард барилгын ажлыг зогсоосон байна.

Гэтэл өнөөдөр тус цэцэрлэгийн дээвэр онгорхой, барилгын ажил эхэлсэн, орчин тойрон нь барилгын хогоор бохирлогдсон байдалтай байгаа аж.

Гэсэн хэдий ч өвлийн улиралд цэцэрлэгийн үйл ажиллагааг ийм хүнд нөхцөлд үргэлжлүүлэн явуулж байсан нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой эрсдлийг үүсгэж байгаа аж.

Үүгээр ч зогсохгүй өвлийн хүйтэнд цэцэрлэг дотор -16 градустай байхад үйл ажиллагааг явуулсаар ирсэн ба  хүүхдүүдийг насны ангиллаар бус хоёр өөр ангилалд байх хүүхдүүдийг нэг ангид оруулж хичээллэж байгаа аж. Энэ нь ч мөн хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлөх болоод байгаа юм.

Ингээд дээрх шалгалтаар илэрсэн зөрчилд ямар арга хэмжээ авах болсон талаар МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын улсын байцаагч Д.Өнөржаргалаас тодрууллаа.

-Цэцэрлэгийн барилгын дээврийг өргөтгөх ажлын захиалагч нь хэн бэ?

- БСШУЯ энэ барилгын ажлын захиалагч юм. Барилгын ажлын үйл явцад тус яамны “Барилга хөгжлийн төв” хяналт тавих ёстой байдаг. Гэтэл өнөөдөр энэ цэцэрлэгийн барилгын ажил, үйл ажиллагаанд ямар ч хяналт байхгүй буюу хүүхдүүд маш эрсдэлтэй орчинд суралцаж байна.

- Зөрчил илэрсэн 95-р цэцэрлэгийн барилгын ажлыг зогсоох уу?

- Нэгэнт өвлийн ид хүйтэн үедээ сургалтын үйл ажиллагаа явагдчихсан. Цэцэрлэг тарахад хоёрхон сар үлдээд байна. Энэ хугацаанд үйл ажиллагааг нь зогсоогоод яах юм бэ? Үйл ажиллагааг нь зогсоолоо гэхэд тэнд суралцаж байгаа хүүхдүүд хаачих вэ? гэдэг асуудал үүснэ. Тиймээс цэцэрлэг амрах хүртэл үйл ажиллагааг нь зогсоохгүй харин барилгын ажлыг зогсоохоор болсон. Үүнд эцэг эхүүд ч мөн анхаарах ёстой. Өөрсдийн хийх ажлаа бодоод барилгын ажил явагдаж байгаа аюултай нөхцөлд хүүхдээ дөхүүлж өгөөд байх бус хамтраад энэ асуудалд хяналт тавьж болно шүү дээ. Гэтэл тийм биш байна. Хүүхдээ эрсдэлтэй орчинд явуулж байсан байна.

- Угтаа бол үүнийг хуулиараа хориглодог шүү дээ. Гэтэл үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэг нь байж болох асуудал уу?

-Хуулиараа бол эдгээр хүүхдүүд ийм нөхцөлд хичээллэж болохгүй. Цэцэрлэгийг шууд тараах үндэслэл бий. Гэсэн ч цэцэрлэг нь онгорхой дээвэртэй, цэцэрлэгийн хашаа нь бохирдсон гээд үйл ажиллагааг нь зогсоовол 544 хүүхдийг хэн цаашид харах уу, аав, ээжийнх нь аль нэг нь ажлаасаа чөлөө авна гэх мэт олон асуудал хөндөгдөнө. Иймээс олонд чирэгдэл багатайгаар, гэхдээ хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрхийг хангаж барилгыг гүйцэтгэгч  компани цэцэрлэгийн дээврийг битүүлэн, цэцэрлэгийг тойрсон барилгын хур хогийг цэвэрлэх нэг гарцтай. Барилгын ажлын тухайд хүүхдүүд амрахаар үргэлжлүүлж болох юм.

Тухайн барилгын ажил явуулж байсан компанид ямар арга хэмжээ авах вэ?

- Манайхаас барилгын компанид арга хэмжээ авах хуулийн заалт байхгүй. Харин БСШУЯ-ны Барилга хөгжлийн төв, тендер зарласан, энэ ажлыг эхлүүлсэн хүмүүст шалгалтын дүнг хүргүүлнэ. Мэдээж удирдлагуудад танилцуулж хуралдаж хурлаар шийдвэр гаргана. Тухайн гаргасан шийдвэрийг дахин холбогдох газруудад хүргүүлнэ. Ингээд дахин БГД-ийн ЗДТГ-т албан тоот хүргүүлнэ. Ингэж шат дараатай ажлуудыг хийх юм.

- Одоо цэцэрлэгийн ойр орчимд байгаа барилгын хог хаягдлыг яах вэ?

- Эрүүл хамгаалллын чиглэлээр дээж авсан. Энэ дээжийн дүн нь долоо хоногийн дараа гарна. Шинжилгээний дүн ямар гарахыг харах хэрэгтэй. Мөн МХЕГ-аас тухайн цэцэрлэгийн орчинд байгаа барилгын хог хаягдал дээр халдваргүйжүүлэлтийг хамгийн түрүүн хий гэсэн үүрэг өгч байгаа. Энэ нь халдварт өвчин гархаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг.

Ч.Гэрэл

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Mergejliin hyanalt
    Tng yumnuud vhsenee hj haadgv bnaa hvvhed endvvl yana eej aaw n ch gsn hvvhdee tm gzr ywuuljil bdg
    2016 оны 04 сарын 05