• Эхлэл
  • Бондуудын эргэн төлөлт ирээдүйн төсөвт дарамт учруулна

Бондуудын эргэн төлөлт ирээдүйн төсөвт дарамт учруулна

2016/04/07

Өрийн өсөлт нь эдийн засгийг өсгөдөг боловч тодорхой хязгаар давсан тохиолдолд эргээд дарамт болдог. Сүүлийн үед гадны орнуудад гадаад өрийн хямрал үүсэх болсон. Энэ эрсдэл ч манай улсад үүсэх боломж бүрдсэн байна.

2012 оноос манай эдийн засагт орж ирсэн бондын борооны ачаар өдгөө бид 2017, 2018, 2022, 2023 онуудад өрийн дарамтыг жинхэнэ утгаар нь мэдэрнэ. Өдгөө төсвийн орлогын 6-7 хувийг өрийн төлбөрт төлдөг гэж учир мэдэх хүмүүс хэлдэг ч ирэх оноос төсвийнхөө орлогын 20-25 хувийг төлнө гэж байгаа. Нэмэр дээр нь нэрмээс гэгчээр гадаад өрийн эргэн төлөлтийг валютаар хийнэ.

Тухайн үед ханш хэд байхаас төсөвт ирэх дарамт ч мөн нэмэгдэнэ гэсэн үг. Төсвийн орлого зарлагаасаа хэтэрч чадахгүй байгаа энэ үед нэмээд өрийн төлбөрт илүү их төлбөр төлөх эрсдэл учруулах төлөв бий болчихлоо.

Хоёр сарын дараа бид шинэ сонголт хийнэ. Төрийн машины толгойг залж суугаа өнөөгийн хууччуул дахин эрх барьсан ч бай, шижигнэсэн шинэ залуучууд хүч түрэн орж ирсэн ч байг 2012 оноос эхтэй үрээд дууссан бондын өрөө төлөхдөө л төлнө. Тэгэхээр ирэх оноос буцаан төлөлт нь эхлэх өрийн дарамтыг ард түмний нуруунд үүрүүлэх үү, эсвэл Засгийн газар, УИХ өмнө нь ажиллаж байгаагүйгээрээ сайн ажиллаж санаанд багтахааргүй орлого олж, өрөө төлөх үү гэсэн хоёр сонголт биднийг хүлээж байна.

Харамсалтай нь сонгуультай жилийн манай улсын төсөв ямар ч найдваргүй болчихсон. Тэгэхээр 2017 оны төсвийн төсөөллөөс үзэхэд ард түмний нуруун дээр өрийн дарамтыг үүрүүлэх хувилбарыг өнөөгийн эрх баригчид сонгож байгаа  нь нэгэнт тодорхой болчихлоо.  Яагаад гэж үү, гадаад өрийн хэмжээг харъя. 2009 онд дөнгөж 920 сая ам.доллар байсан хувийн хэвшлийн өр 2010 онд даруй 4.3 дахин ихэсч дөрвөн тэрбум болж өссөн мэдээ байна.

Ийнхүү зогсолтгүй нэмэгдсээр 2014 оны эцэс гэхэд 16 тэрбум ам.доллар болжээ. 2015 оны байдлаар манай улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.доллар болж, 2012 онд 11.6 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад бараг хоёр дахин өсчээ. Тэгвэл 2016, 2017, 2018 онд энэ өрийн хэмжээ огцом өснө. Тухайлбал, энэ онд Монгол Улсын төр, хувийн хэвшил нийлээд 900 орчим сая, 2017 онд хоёр тэрбум, 2018 онд 1.3 тэрбум гаруй, нийт дөрвөн тэрбум ам.долларын гадаад өр төлнө.

 ӨР ХЭНИЙ ГАРААР БИЙ БОЛОВ

Манай улсын өрийн талаарх мэдээлэл албан ёсоор байдаггүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Хэдий тийм ч өрийн хэмжээгээр толгой цохиж газар нутгаа бусдад “бэлэглэсэн” Грек, Аргентин зэрэг орнуудын туршлагаас сургамж авахад илүүдэхгүй гэдгийг сануулж байгаа юм. Учир нь дээрх улсууд өрийн хямралд орсон үедээ гадаадаас өр авчихдаг ч эдийн засаг нь хүссэн хэмжээнд нь өсөхгүй тохиолдолд дахиад зээл авдаг байна.

Монгол Улс 2017, 2018 онд өрөө төлж чадахгүй бол дахин зээл, авбал одоогийн байгаагаас илүү их өндөр хүү төлөхийг гаднын байгууллагууд шаардах аж. Гаднын зарим улс өрөө төлж чадахгүй бол ямар нэг хөрөнгөө эзэмшүүлэх болдог. Жишээлбэл, Тажикстан улс газрын тосныхоо баялгийг БНХАУ-д 30 жил ашиглуулж гадаад өрөө төлөхөөр болсон байдаг.

Манай улс ч гэсэн өрөө төлж чадахгүй байдалд орвол газрын баялгаа тодорхой хугацаанд цаашлаад газар нутгаа өрөнд өгөх нөхцөл бүрдэнэ гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Тэгвэл Монголыг мөлхүүлсэн өр хэзээ хэний гараар хэрхэн бүтэв. Н.Алтанхуягийн Засгийн газрын гараар “бүтээсэн” “Чингис”, “Самурай” бондын ачаар  Монгол Улс өнөөдөр хэчнээн хэмжээний өртэй болов.

Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны төгсгөлд олон улсын санхүүгийн зах зээлээс таван тэрбум ам.доллар босгохоо мэдэгдэж, мөн оны өмнө “Чингис” бондын түрүүч болох 1.5 тэрбум ам.долларыг халаасалсан. Засаг энэ мөнгөөр улс орны хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх авто зам, эрчим хүч, орон сууц, төмөр зам, “Гудамж” төслийг санхүүжүүлнэ гэсэн юм. Юутай ч “Чингис” бондын хүүнд татвар төлөгчид өдөрт 350 орчим сая төгрөгийг 2012 оноос өдгөөг хүртэл зарцууулав. 

Өнөөдрийг хүртэл иргэдэд тодорхой задаргаа, тайлан мэдээг нь ойлгомжтой зарлаагүй бондын хөрөнгийн зарцуулалт хаашаа юунд хэд нь явчихав. Энэ асуулт одоо ч бүрхэг хэвээр байна. Хэдийгээр эрх баригчдаас “Чингис”, “Самурай” бондын тайлангийн зарцуулалтыг ил болгохыг олон нийт хийгээд зарим улстөрч, нам эвслүүд олонтаа шаардсан боловч өнөөг хүртэл асуудлыг тодорхой дэлгээгүй. Тодруулбал, 2014 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх бондын үйл ажиллагаанд шалгалт хийсэн мөртлөө нөхцөл байдал ямар байгааг олон нийтэд ил болгоогүй юм.

Тухайн үед Хөгжлийн банкныхны өгсөн “гоё” мэдээллээр халхлагдаад өнгөрсөн бондын тайлан одоо болтол бүрхэг хэвээр асуулт байдаг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Эдийн засгийн хөгжлийн яам руу явуулж байсан дараах асуулга юм.

Гишүүнээ та доорх асуултдаа үнэн зөв хариулт авч чадсан уу. Тодруулбал, Засгийн газрын арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”, 30 тэрбум иений "Самурай" бондын хэд нь Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд бодитойгоор оров, Хөгжлийн банк  дахь "Чингис" болон "Самурай" бондын хөрөнгө, түүнчлэн тус банкны бусад ашиглагдаагүй хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс ямар нөхцөл, шалгуураар хэдий хэмжээний хөрөнгийг арилжааны банкуудад байршуулав,  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан улсын өрийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй  байх шаардлага хангагдаж байгаа эсэх, дээрх бондуудыг авсны дараах байдлаар Монгол Улсын өрийн хэмжээ хэд болж, ДНБ-ий хэдэн хувьд хүрэв, Төсвийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т "Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна" гэж заасны дагуу бондын хөрөнгийн эх үүсвэрийг хэзээ, хэрхэн улсын төсөвт тусган хуулийн зөрчлийг арилгах тухай тодорхой мэдээлэл ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсч байна гэж байсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна