• Эхлэл
  • ”АСЕМ Вилла” хотхонтой танилцлаа

”АСЕМ Вилла” хотхонтой танилцлаа

2016/04/07

Ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад оролцох түнш орнуудын ёслол, аюулгүй байдлын албаны төлөөлөгчид АСЕМ-ыг угтаж хийж буй зарим ажилтай дөрөвдүгээр сарын 5-нд танилцлаа.

Уг танилцах аялалд Бангладеш, Бруней, Швейцар, Малайз, БНСУ болон ЕХ-ны ёслол, аюулгүй байдал хариуцсан төлөөлөгчид, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, улсын хил хариуцсан ажлын хэсгийн ажилтнууд оролцож, дээд хэмжээний уулзалт болох “Шангри Ла” цогцолбор, зочид төлөөлөгчид байрлах “АСЕМ вилла” хотхон болон “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зочлов.

"АСЕМ вилла” хотхон нь дээд хэмжээний 200 гаруй зочин байрлуулах орчин үеийн хэв маяг бүхий 53 хаус сууцаас бүрдэж байна. Одоогоор цогцолборын барилга, тохижилтын ажил дууссан бөгөөд хотхоны ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг зургадугаар сард багтаан гүйцэтгэх юм.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хувьд, АСЕМ-ын зочдыг хүлээж авахад зориулж 4С ангиллын есөн онгоцны зогсоол нэмж барьж, 34 зогсоолтой болжээ. Мөн цагт 1200 зорчигч хүлээж авах хүчин чадалтай дамжин өнгөрөх танхимыг шинээр байгуулж, бизнесийн, тээшний, явагчийн танхим болон онгоц руу орох хүзүүвч хоолойнд засвар, тохижилт хийж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын эцсээр бүрэн дуусах аж.

“Шангри-Ла” цогцолборт хурлын заал танхим бэлэн болсон бөгөөд арга хэмжээг сурвалжлах гадаадын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв” байгуулах ажил үргэлжилж байгаа аж.

 


Сэтгэгдэл байхгүй байна