• Эхлэл
  • Шүүхийнхэн Ноён ууланд ажиллав

Шүүхийнхэн Ноён ууланд ажиллав

2016/04/09

Маргааны бай болсон Ноён уул. Эртний дурсгалт Ноён уулнаа “Сентерра гоулд” компани олборлолт явуулахаар зэхэж эхэлснээс хойш энэ тухай мэдээлэл олон нийтийн анхааралд байх болсон. Өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн ордод олборлолт явуулж байсан “Сентерра гоулд” мөн аймгийн Гачууртын ордод олборлолт явуулахыг нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагынхан эсэргүүцсэн тэмцэл өрнүүлж, эцэстээ Монголын парламентыг ч талцуулсан нөхцөл үүсээд байсан. Хэдийгээр УИХ-аас Гачууртын ордыг ашиглах зөвшөөрлийг олгосон ч тэмцэл намжаагүй.

“Ноён уулаа аварья” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр нар “Сентерра Гоулд” ХХК-ийн ашиглалтын 4 лицензийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй хэмээн үзсэнээр Гачууртын орд дахь үйл ажиллагааг түр түдгэлзүүлэхээр болсон гэсэн мэдээлэл гарч байсан юм. Ингээд гуравдугаар сарын 24-нд Нийслэлийн шүүхийг уг асуудлыг хэлэлцэнэ гэж байсан ч өмгөөлөгчийн зүгээс “маргаан бүхий газарт, хэргийн газарт үзлэг хийлгэх” хүсэлт гаргасан учир шүүх хурал хойшилсон талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл өчигдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сар 8-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа, хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Давааравдан, “Сентерра Гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч Жон Казакоффын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч тал буюу өмгөөлөгч Г.Баябаяр, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс маргаан бүхий газарт үзлэг хийж, хэвлэл мэдээллийнхэн дагалдан явсан байна. Ийн шүүхийнхэн үзлэг хийхээр очиход хамгаалалтын "Бүрэн цэнгэл" албаныхан саад хийсэн байна.

Шүүхийнхэн болон иргэний нийгмийн төлөөллийнхөн энэхүү саадыг “Сентерра Гоулд”-ын ашиглалтын талбайн эвдэж сүйдсэн, ашигласан дөрвөн хэсэгт зогсолт хийж, шүүгчид байгал орчинд учруулсан хохирол, учруулж болох эрсдэл, түүхийн талаас нь мэдээлэл өгсөн аж.

Энэ талаар “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний өмгөөлөгч Г.Батбаяр

-Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1-ийг үндэслэн гаргасан “маргаан бүхий газарт хэргийн газарт үзлэг хийлгэх” хүсэлтийг захиргааны хэргийн шүүхээс хүлээн авсан. Улмаар нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу анх удаа ууланд шүүгчид хэргийн газрын үзлэг хийлээ. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн болон нутгийн иргэд шүүгчид хэрэг болох, шүүгчийн дотоод итгэл үнэмшилд нөлөөлөхүйц нэлээд хэрэгтэй мэдээллийг өглөө. Энэ нь хэрэг шийдэгдэхэд нэлээд үр өгөөжтэй зүйл гэж үзэж байна гэж мэдэгдсэн байна.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна