• Эхлэл
  • “Давхар дээл” дээр улстөржсөн гишүүд цэвэрлэх байгууламжийг үл тоов

“Давхар дээл” дээр улстөржсөн гишүүд цэвэрлэх байгууламжийг үл тоов

2016/04/11

Өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өр­гөн барьсан Засгийн газ­рын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн тө­сөл байлаа.

Дээрх хуулийг олон нийт “давхар дээл” хэмээн нэрийддэг бөгөөд хэлэлцүүлгийн үеэр дээрх хуулийн төсөл, үзэл баримт­лалын талаар гишүүд багагүй маргаан өрнүүлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Лу.Болд, “Шинэ засаг бүрдэхэд “наймаа” явна. Түүндээ тааруулаад яамгүй сайд ч бий болгохоор байна. Одоо ч тийм юм бий. Манай Төрийн байгуулалтын байн­гын хороо тодорхой бүр­дүүлээд янзлаад өгчихмөөр байгаа юм.

Тодорхой яамд заалгүйгээр тоо заагаад явчихвал зүгээр Соёл, батлан хамгаалахын бодлогыг нь заагаад өгчихмөөр байна. Өнөөдөр хоёр төрлийн гишүүдтэй болдог тогтолцоо байгаа нь буруу. Эцэстээ энэ чинь засагт орж болдог сонгогдсон гишүүн, орж болдоггүй жагсаалтын гишүүн гэж гарах нь байна” хэмээсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан эсрэг байр суурьтай байгаагаа хэлсэн. Тодруулбал, тэрбээр “Энэ хуулийг батлагдана гэдэгт итгэхгүй байна. Олон хүнд сайдын суудал харагдаад байх шиг байна.

Одоо горилогчидтой бишгүй тааралдаж байна. Энэ хүмүүс мөнгөтэй болж байж УИХ-ын гишүүн, гишүүн болж байж сайд болдог юм байна гэж хараад байна. УИХ-аас сайд тавихгүй бол засаг бүрэлдэх нь хэцүү гэхчлэн элдэв шалтгаан тоочдог. 2000 гишүүнтэй Их Британид парламентаас сайд тавьж болж байна. Тиймээс Үндсэн хуулийн долоон өөрчлөлтөөр ийм асуудалд хязгаар тавьж өгөх байсан юм.

Одоо гишүүд засагт орох тоог нь нэмж өгөөч гээд байна. Энэ утгагүй. “Махан” тоо тавих хэрэгтэй. Ерөнхий сайдыг оруулаад гурваас илүүгүй гишүүнийг УИХ-аас тавьж болно гэвэл юу юм гэхээс өөрөөр зохицуулах аргагүй. Энэ бол гэхдээ хагас дутуу алхам” хэмээсэн. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон 54 гишүүнээс 42 нь зөвшөөрч 77,8 хувийн саналаар хэлэлцэхээр болж үдээс өмнө  хуралдсан чуулган завсарласан юм.

Сайд нарын өгсөн мэдээлэл айдас төрүүлэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох байлаа. Тодруулбал, асуулгын нэгдүгээрт нийслэлчүүдийн хөндүүр сэдэв болоод буй Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар хоёрдугаарт нийслэлийн иргэдийг агаар, хөрс, орчины бохирдлоос хамгаалах талаар зохион байгуулж буй ажил байсан.

Харин гуравдугаарт нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчины болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох байв. Тэгвэл энэ талаар холбогдох сайд нарын хийсэн мэдээлэл яах аргагүй анхаарал татсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын тавьсан асуулгад Шадар сайд Ц.Оюунбаатар хариулсан.

Тэрбээр Цэвэрлэх байгууламжаас ялгарч буй үнэр хүний эрүүл мэндэд хор уршиг учруулж буй тухай тодорхой хэлсэн. Тодруулбал, Шинжлэх ухааны онолын үүднээс энэ үнэр хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар дараах мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзсэн. Биологийн цэвэрлэгээний үйл явцын дүнд үүсдэг лагийн найрлагад агуулагдаж буй органик бохирдуулагч болох азотын нэгдэл, фосфортын нэгдэл, хлорын нэгдэл, гадаргуудын идэвхит бодис, эгэл биет, вирус, шимэгч хорхойн өндөг гэх мэт бичил биетийн исэлдэлт явагдсанаар хүхэрт ус төрөгч, аммиак, нүүрс хүчлийн хий, метан ялзралын хий ялгарч эвгүй үнэр бий болгож байна гэж эрүүл мэндийн болон шинжлэх ухааны талаас нь үздэг.

Лагийн үмхий үнэр нь хүний төв мэдэрлийн системийг хүчил төрөгчийн дутагдалд оруулж, судас нарийссанаас толгой өвдөх, нойргүйтэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг гэж эмнэл зүйн талаас нь үздэг. Байнгын бохирдол ихтэй, хүчил шүлт, метаны хий ихтэй газар ажиллаж, амьдарснаас амьсгал, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны өвчлөлд өртөх мөн хамар хоолойны болон харшлын эмгэгт өртөх эрсдэл өндөр байдаг.

Лагийг ил задгай хаяснаас доошоо нэвчиж, хөрсний бохирдол үүсэх түүнээс үүдэн халдварт өвчин нян үржин тарах нөхцөл бүрдүүлж байна гэсэн. Мөн тэрбээр Хан-Уулын цэвэрлэх байгууламжийн орчмын 163 айлын оршин суугчдын дунд цэвэрлэх байгууламжаас гарах үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар МХЕГ, ЭМСЯ хамтран судалгаа хийсэн.

Тэдгээр хүмүүсийн 43 хувь нь элэгний үрэвсэл, 47 хувь нь бөөрний үрэвсэл, 90 гаруй хувь нь харшлын өвчинтэй байна гэсэн дүн гарсан гэдгийг онцолж байлаа.  Харин Нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчины болон агаарын бохирдлоос хамгаалах талаар асуулсан асуулгад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Олон жил энэ асуудалд хайхрамжгүй хандаж ирсний уршиг гарч байна.

Өнөөдөр яригдаагүй нэг сэдэв үлдсэн нь хог хаягдал бөгөөд тулгамдсан асуудал болж. Ялангуяа хог хаягдлыг ангилах хог хаягдлаа ил хаяхгүй байх талаар иргэдийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулахад хэд хэдэн зүйл хийх шаардлагатай. Энэ чиглэлээр ирэх долоо хоногийн нэг дэх өдөр хог хаягдлын тухай хуулиар хэлэцүүлэх гэж байна. Үүний дараа УИХ-д өргөн барина. Ер нь цоо шинэ нөхцөл цоо шинэ бодлого явж эхэлж байгааг хэлэхийг хүсч байна” гэсэн юм.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын иргэд үнэрээс болж бухимдаж байна

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэд хэдэн зүйлийг онцолж хэллээ. Тухайлбал, тэрбээр өнөөдрийн асуулга дотор цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлаар хэдэн зүйл тодруулья. АСЕМ-тай холбогдуулаад цэвэрлэх байгууламжийн асуудлыг цэгцлэх, шаардлага хангасан зохицуулалт хийх асуудал яригдаж байгаа гэж сонссон. Өнөөдөр Улаанбаатар хотын  сая 300 мянган иргэн энэ үнэрээс болоод бухимдаж байна. Нийт авсан мэдээллээр 425 мянган тонн лаг гэж сонссон.

Өнгөрсөн оны төсөв дээр эмэгтэй гишүүд дэмжиж, 8.1 тэрбум төгрөг тавиулаад ойрын хугацаанд энэ үнэрийг цэгцлэх арга замыг эрэлхийлж байгаа юм байна гэж ойлголоо. Энэ асуудлыг хэдий хэр хугацаанд зохьцуулах боломжтой талаар асуумаар байна. Бид нийслэлийн төсөв дээрээс харж байхад найрсаг улаанбаатарын хүрээнд рок попынхныг дэмжээд төсөв суулгасан байдаг. Нэг наст цэцэг тариад байна. Энэ бүхнийг иргэдийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх асуудалд зориулж болоогүй юу.

Мөн Цэвэрлэх байгууламжтай холбогдуулаад автомашины худалдаа эрхэлж буй иргэдийн хүсэлтээр очиж уулзсан. Тэд үнэрийн асуудлыг зохицуулж өгөөч, тэнд худалдаа үйлчилгээ явуулах орчин бүрдүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьж байна. Анх Сонгинохайрхан дүүрэгт 130 мянган га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж өгч нийслэлийн ажлыг дэмжиж байсан.

Учир нь Сонгинохайрхан дүүрэг татварын бааз суурь муутай. 1992 оноос хойш дүүрэг мөнхийн нийслэлээс татаас авч байсан. Төсөв нь хүрэлцдэггүй, дүүрэг орон нутагт энэ хэмжээний татварын бааз суурь нэмэгдүүлэх ажил хийгдэж байгаа нь сайшаалтай зүйл гэж хардаг. Гэхдээ тэнд бизнес эрхлэх хүмүүсийн ая тухтай байдлыг бодитоор хангаж өгөх шаардлагатай байна” гэсэн юм.

Ийнхүү өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын үдээс хойших хуралдаанаар нийслэлчүүдийн хамгийн эмзэг сэдэв болоод буй Цэвэрлэх байгууламж болон хог хаягдал түүнийг тойрсон сөрөг үр дагаврын талаархи асуудлыг хөндлөө. Гэвч чуулганы баасан гарагийн үдээс хойших хуралдаан  ердөө 10 гаруй гишүүний ирцтэйгээр эхэлсэн ч гарч явсаар асуулт тавьсан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, С.Дэмбэрэл, хариулт өгсөн сайд Н.Батцэрэг, хурал удирдсан УИХ-ын дарга З.Энхболд дөрөв үлдэж чуулганыг өндөрлүүлсэн юм.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна