Цуврал тоглолтуудыг үзэх, арга хэмжээнүүдэд оролцох боломж олгосон Ойн өдрүүдийг зохион байгуулах хорооны дарга СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, дэд профессор Г.Ганцэцэгт талархал илэрхийлье.
Ц.Нацагдорж агсантай бид нэлээд ойр байсан юм. Манай гэр бүлийн хүн М.Цогбадрах гэрт нь очдог, хөгжмийн тухай яриа өрнүүлж, төгөлдөр хуурыг нь хөглөж өгч, зарим бүтээл туурвилынх нь анхны сонсогч болдог байлаа. Тэр хоёрын амттай сайхан яриаг Нацгаа багшийн хань Ноёо эгч гараа гаргаж хийсэн хоолоороо улам амталж өгдөг.
Нацгаа багш намайг “Шар хүүхэн” гэнэ.” “Гүн гэрийн гүнж”-ээ дуурь болгочихмоор байна. Шар хүүхэн, чи мөнгө олж магадгүй хүн шиг байдаг юм. “Виртуозо” энэ тэрээ аваад яваад байгааг харахад, чи нэг хөдлөөч, хамаагүй, мөнгө олбол шагнал аваарай” гэнэ. ҮДБЭЧ-д “Нүүдэл” жүжгийнх нь нээлт болох үед ярилцлага авахад ингэж хэлж байсан юм.
Миний мөнгө олох ч гэж юу байх билээ. Гэхдээ хэлсэн нь санаанд үргэлж байж байдаг байсан. Харин одоо тэгтлээ их, элгээ эцтэл санааширч байсан “Гүн гэрийн гүнж” дуурь нь тайзны бүтээл боллоо. Даанч үүнийгээ харж, сонсч чадаагүй. Үүнд харамсах юм аа.
СУИС, УДБЭТ, ҮДБЭЧ, УДЭТ, ХБК, МХЗХ бүгд нийлж хөгжмийн их зохиолч Ц.Нацагдоржийн төрсөн өдрийг хөгжимтэй, бүтээлтэй, дурсгалтай, дуулиантай тэмдэглэн өнгөрүүллээ.
Магадгүй энэ өдрүүдээс эхэлж СУИС-ийн оюутнууд тус сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн онолын тэнхмийн “Ц.Нацагдорж агсны танхим” хэмээх зураг бүхий хаалганы хажуугаар өнгөрөхдөө “Энэ хүн чинь их мундаг хөгжмийн зохиолч юм байна лээ шүү дээ” гэж өөртөө болон найздаа хэлэхтэй болсон байх. Ялимгүй санагдаж болох ч юу юугаа мэдэхгүй бага курсийн оюутан хүртэл түүний зургийн өмнө энэ хэрийн мэдээлэлтэй болсон бол энэхүү ойн өдрүүдийн үр, өгөөж эзэддээ очих нь тэр биз ээ.
Өөрийн зүгээс эв хавгүйгээр хүн-өв хэмээн тодотгоод буй, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн шавь нарыг олон түмэнд танилцуулах нь Тэнгэрийн оронд үүрд заларсан тэнгэрлэг уран бүтээлч, сайхан ах таны өмнө хүлээх үүрэг гэж бодном.
Шавь нар нь:
Хөгжмийн зохиолч, МХөгжЗХ-ны УЗ-ийн гишүүн Д.Чулуун
Хөгжмийн зохиолч, Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” театрын Б.Эрдэнэбаяр
Хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Г.Түвшинтөр
Хөгжмийн зохиолч, БГД-ийн ХЗХөгжлийн төвийн дарга, СУИС-ийн багш П.Ганбат
Хөгжмийн зохиолч, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, СУИС-ийн багш Д.Ариунболд
Хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Цэн.Эрдэнэбат
Хөгжмийн зохиолч, ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч М.Бирваа
Хөгжмийн зохиолч, “Soft music records”-ийн хөгжмийн найруулагч Л.Дэчинлхүндэв
Хөгжмийн зохиолч, МУУГЗ, СУИС-ийн багш Ц.Пүрэвхүү
Хөгжмийн зохиолч, МУУГЗ, ХЦДБЧ-ын уран сайхны удирдагч, СУИС-ийн багш Т.Сэр-Од
Хөгжмийн зохиолч С.Мөнхбат агсан
Хөгжмийн зохиолч, Улсын филармонийн хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Ш.Өлзийбаяр
Хөгжмийн зохиолч, “Анир” студийн захирал, продюсер Б.Алтанхуяг
Хөгжим судлаач, УДБЭТ-ын уран сайхны удирдагч С.Энхбулаг
Удирдаач, Улсын Филармонийн уран сайхны удирдагч Д.Нямдаш
Хөгжмийн зохиолч, “Шинэ Монгол” радиогийн уран сайхны удирдагч Д.Батсүх
Хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж ахад мэхийн ёсолсон сэтгүүлч Р.Оюунжаргал
Сэтгэгдэл байхгүй байна