• Эхлэл
  • ”Төр засаг үсчин, гоо сайханчдыг шоовдорлож байна” гэв

”Төр засаг үсчин, гоо сайханчдыг шоовдорлож байна” гэв

2016/04/11

Өнгөрөгч сард Солонгос улсын нийслэл Сөүл хотноо дэлхийн 41 орны 1050 оролцогч оролцсон Дэлхийн аварга шалгаруулах "Hairworld 2016" тэмцээн болж өнгөрсөн билээ.

Энэхүү тэмцээнээс анх удаа Аваргын алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг гаргаад буй. Өнөөдөр дэлхийн аваргын алтан медаль болон хүрэл медаль хүртсэн үсчин, гоо сайханчид Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна хэмээн мэдээлэл хийлээ. 

Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Жандалын Довчинсүрэн “Бид 2012 онд Засгийн газрын шагнал, урамшууллын тогтоол батлуулсан. Гэвч амжилт гаргаад ирсэн энэ хүмүүсийг маань урамшуулах тал дээр үнэхээр учир дутагдалтай байгаа учир бид мэдээлэл хийж байна. Учир нь 2008 онд Н.Алтаншагай маань Азийн аваргын алтан цом авч байлаа. Өнөөдрийн өндөрлөгт хүрэх үндсэн суурь тэр цагаас эхэлсэн.

Гадаадын олон орон тусгай шүүгчтэй, дасгалжуулагчтай, олон жил болсон туршлагатай байдаг. Тиймд бид энэ амжилт гаргаж байгаа хүмүүсээ дэмжиж, шүүгч нараа бэлтгэж байна. Миний бие анх ганцаараа л шүүгчээ, холбооныхоо бүх ажлыг, дасгалжуулагчаа хийгээд явж байлаа. Гэтэл өнөөдөр бид дэлхийн түвшинд хүрэхийн тулд шүүгч, дасгалжуулагч нараа, оролцогчдоо бэлдэж байна.

Энэ болгоныг бий болгохын тулд 10 жилийн хөдөлмөр орсон. Би саяхан Алтан бөмбөрцөгийн шагнал гардуулах ёслол дээр “Hall of Fame” ерөнхийлөгчийн шагнал болох цом болон өргөмжлөл хүртлээ. Нийтдээ 40 гаруй орон оролцсоноос ердөө зургаан хүнийг энэ шагналаар шагнаж байна. Энэ бүхнээс улс орны нэр хүнд хаана явж байгааг бид харж болно. Манай залуус таван тивийн аварга болж, хоёр удаа алтан цомыг нь авч, Европ тивийн аварга болсон.

Гэтэл энэ хугацаанд төр засгаас бид нэг ч төгрөг тоолж үзээгүй, “Хөдөлмөрийн хүндэт медаль” ч байхгүй сууж байна. Гэтэл гэртээ сууж байгаа нэг хүн л бараг “Алтан гадас”-тай сууж байгаа. Яагаад төр засаг биднийг шоовдор юм шиг хараад байна. Бид яаман дээр очсон. Бидэнд салбарын тэргүүн, хүндэт жуух бичиг зэргийг шагнал болгож өгсөн ч Засгийн газрын тогтоолыг албан ёсоор хэрэгжүүлээгүй” гэв.


Сэтгэгдэл байхгүй байна