НИК ХК-д тавьсан дөрвөн тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай цуцалсан, мөн томоохон монополь компаниудаас авлига авсан мэтээр удаа дараа олон нийтэд мэдээлэх болсон асуудлаар ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Дээрх торгуулийг хэн болиулсан талаарх мэдээллийг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарын хамт өгсөн юм.
Энэ үеэр өнгөрсөн долоо хоногоос өөрийнх нь ажлыг хүлээн авсан ТАюурсайханыг нэр бүхий сонин, сайтаар илт гүтгэсэн мэдээллүүдийг олон нийтэд тараасан гэв.
Нэгдүгээрт ШӨХТГ-аас 2012 оны аравдугаар сард “НИК” компани нь бензиний зохиомол хомсдол үүсгэж, иргэдийн дунд бухимдал бий болгосон гэх үндэслэлээр 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. Тухайн үед энэ торгуультай холбогдуулж гурван шатны шүүх хурал болж, ШӨХТГ ялсан ажээ. Гэхдээ шүүхээс АИ-92 шатахуунд л дахин торгууль тооцох шийдвэр гарсан байна.
ШӨХТГ-аас НИК компанийн өндөр хэмжээний торгуулийн асуудлыг шийдэх таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Харин О.Магнай ажлын хэсгийн эцсийн дүгнэлтээ гаргаж чадалгүй 2014 оны арванхоёрдугаар сард ажлаа өгснөөр тус хэргийг хариуцсан байцаагч нарыг ажлаас нь халжээ. Үүний дараагаар Т.Аюурсайхан монополь эрхтэй “НИК” компанийг монополь гэдэг жагсаалтаас хасч, тус байгууллагаас тавьсан торгуулийг хүчингүй болгосон гэв.
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай “НИК компани нь хуучин Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ш.Отгонбилэг гэж хүний хүү О.Содбилэгийн эзэмшдэг компани юм. Харин Т.Аюурсайхан Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүс нэг түрийвчтэй олигарх бүлэглэл. Энэ нөхөд хуйвалдаж, “НИК”-д тавьсан торгуулийг хүчингүй болгочхоод, эцэст нь О.Магнай энд оролцсон мэтээр ярьж байгаа юм. Энэ асуудлаар Т.Аюурсайханыг хууль, хяналтын байгууллагад өгөх болно” гэв.
Мөн тэрээр сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгуулийг хүчингүй болгосон тухай мэдээлсэн юм.
- Сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгуулийг ч хүчингүй болгосон гэсэн байсан шүү дээ?
- Т.Аюурсайхан ярихдаа намайг сүлжээ дэлгүүрүүдэд торгууль тавьчихаад хүчингүй болгосон гэж ярьсан байсан. “Миний дэлгүүр”, “Номин”, “Макс” дэлгүүрүүдэд нэг асуудлаар торгууль тавьсан. Гэтэл тавьсан торгуулиудаа намайг хүчингүй болгосон гэж ярьсан байна лээ.
Энэ асуудал шүүх дээр очоод тухайн үед илэрсэн зөрчлүүдээ сүлжээ дэлгүүрүүд бүрэн арилгана. Гэхдээ дахин ийм зөрчил илэрвэл тавьсан торгуулийг ямар нэгэн үл маргалдах зарчимаар шууд төлнө гэсэн гэрээг шүүх дээр байгуулсан. Гэтэл үүнийг тавьсан торгуулиа бүр хүчингүй болгосон юм шигээр ярьсан байсан. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Дараа энь үнэ тогтворжуулах хөтөлбөр дээр 40 тэрбум төгрөг завшсан гэсэн асуудал ярьсан байна. 40 тэрбум гэдэг бол маш их тоо. Энэ их тоог хаанаас гаргасаныг би мэдэхгүй байгаа.
Өчигдөр үүнтэй холбогдуулаад тухайн үед энэ асуудал дээр ажиллаж байсан хүмүүстэй уулзсан. Тэд ч гэсэн энэ тоог мэдэхгүй байна. Бид цемент, гурил, арматур гурав дээр үнэ гэрээнд байсан нөхцөлийн дагуу байна уу үгүй юу гэдэгт хяналт тавьж ажиллаж байсан. ШӨХТГ гэдэг бол хүн амьтан мөнгө төгрөг идсэн уусан асуудлын араас хөөцөлдөөд, шоронд хийдэг газар ерөөсөө биш хэмээв.
Мөн тэрээр хурлын төгсгөлд “Т.Аюурсайхан өөрөө торгуулийн асуудлыг бүгдийг хүчингүй болгочихоод О.Магнай энэ асуудалд оролцсон гэх маягаар хандаж байгаа нь туйлын хариуцлагагүй зүйл. Би энэ асуудлаар Т.Аюурсайхан гэж нөхрийг холбогдох хуулийн байгууллагад өгнө. Ер нь намайг яаж ажилласаныг Т.Аюурсайхан гэж нэг намын нөхөр дүгнэхгүй. Ард түмэн дүгнэх ёстой. Өнөөдөр би УИХ-ын гишүүн биш. Намайг шалгахад ямар ч хаалт хамгаалалт байхгүй. Шалгаж болно. Улайм цайм ийм гүтгэлэг тарааж болохгүй” хэмээн бухимдалтайгаар хэлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна