• Эхлэл
  • Төсөл хэрэгжүүлэгчдийг хүлээн авч уулзав

Төсөл хэрэгжүүлэгчдийг хүлээн авч уулзав

2016/04/11

Монгол орны ойн сангийн экологийн төрөл зүйлийн генийн санг хадгалж, хамгаалах, доройтолд орсон газар нутгуудын ойг нөхөн сэргээж модны үр суулгах, хадгалах чиглэлээр “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг БНЧУ-ын Хөгжлийн агентлаг Монголын Улсын БОНХАЖЯ-тай хамтран 2015-2017 оны хугацаанд хэрэгжүүлж байгаа болно.

Энэхүү төслийн хүрээнд БОНХАЖЯ, ХААИС, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид Чех Улсын ойн нөхөн сэргээлт, тогтвортой менежментийн бодлого боловсруулах туршлагыг судлах, сургалтанд хамрагдах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар Чех Улсад айлчлал хийлээ.

Айлчлалаар ирсэн төлөөлөгчдийг Элчин сайд Д.Зүмбэрэллхам дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзан төсөл, хөтөлбөрийн асуудлаар санал солилцож, ярилцсан бөгөөд “Олон жилийн түүхтэй Чех Улсын ойн менежментийн бодлого, төлөвлөгөөнөөс суралцаж, туршлагыг хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь манай улсад чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд төслийг хэрэгжүүлэх болон цаашид үргэжлүүлэн сунгахад дэмжлэг үзүүлж ажиллахаа” илэрхийллээ.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

 


Сэтгэгдэл байхгүй байна