Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ 16-ны өдөр буюу бямба гарагт зохион байгуулахаар болжээ.
Дээрх их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдах аж.
Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу хийх бөгөөд энэ үеэр ААН байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх юм байна. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэх ажээ.
Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавьж гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан ААН байгууллагуудад хариуцлага тооцох юм.
Мөн энэ үеэр гэрэлтүүүлгийн шонд наасан зарлалыг арилгаж, чийгтэй болон хуурай цэвэрлэгээг хийхээр болоод байна.
Хог хаягдлыг ийн цэвэрлэхгүй бол гал түймэр гарах аюул их байгаа бөгөөд өчигдөр л гэхэд шинээр баригдсан барилгад гарсан галын шалтгаан нь хог хаягдал дээр гал ассанаас улбаатай хэмээсэн байна. Тиймээс дээрх аюулаас урьдчилан сэргийлж их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцох хэрэгтэй аж.
Сэтгэгдэл байхгүй байна