• Эхлэл
  • Махны үнэ 300-1000 орчим төгрөгөөр өсчээ

Махны үнэ 300-1000 орчим төгрөгөөр өсчээ

2016/04/12

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын үзүүлэлтийн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.

Энэхүү мэдээллээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний гурван сарын үзүүлэлт, улс даяар хийж буй аж ахуй нэгж байгууллагын тооллогын талаар танилцуулсан юм.

Ингээд махны үнэ нэмэгдсэн тухай мэдээллийг хүргэе.

Манай улсын хувьд 2016 оны гуравдугаар сард инфляци буюу хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сарынхаас дунджаар 0.5 хувийн өсөлттэй гарчээ. Өнгөрсөн жилийн үзүүлэлттэй харьцуулахад нийт 1.7 орчим хувиар өссөн байна.

Өнгөрсөн сарын 0.5 хувийн ицфляцийн өсөлтөд мах, хүнсний ногооны үнэ голлон нөлөөлжээ. Хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүний дүн 2.4 хувийн өсөлттэй гарсан байна. Махны үнэ өмнөх сараасаа 300-1000 орчим төгрөгөөр өсчээ.

Дөрөвдүгээр сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6920 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7970 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.3 хувиар буюу 475 төгрөгөөр, үхрийн цул мах 6.0 хувиар буюу 530 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, харин "Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8799 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.7 хувиар буюу 435 төгрөг, хонины цул мах 7.6 хувиар буюу 550 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах "Хүчит Шонхор”, "Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна. Энэ мэтчилэн үнэ өссөөр байгаа нь иргэдийн худалдан авах чадамжид сөргөөр нөлөөлөөд буй аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна