Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхлээд байна.
Айлчлал хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээгээр эхлэв.
Албан ёсны хэлэлцээ нөхөрсөг уур амьсгалд болж талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, өндөр дээд түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглээд Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Түүнчлэн, энэхүү айлчлалыг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж байгааг онцлоод Монголын тал ОХУ-ын өмнө хүлээсэн Монгол Улсын санхүүгийн үүрэг бүрэн шийдэгдсэнд оросын талд талархал илэрхийлж, хоёр орны хоорондын зээл-санхүүгийн хамтын ажиллагааны боломжууд шинээр нээгдэж байгааг тэмдэглэв.
Сэтгэгдэл байхгүй байна