“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд тохижилт хариуцсан Шуурхай штабынхан Гэндэн, Жамьян-Гүний гудамжинд хийж буй тохижилтын ажилтай танилцлаа.
Одоогоор Гэндэн, Жамьян-Гүний гудамжны явган хүний замын хавтанг сольж байгаа. Гэндэнгийн гудамжинд 56, Жамьян-Гүний гудамжинд 20 мод тарьсан бөгөөд модонд хэлбэржүүлэлт хийж байгаа аж.
Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийтйин үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл гэх мэт авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний байгууллагууд, ажлын хэсгийнхэн хамтран санал солилцлоо.
Хот тохижилтийн Шуурхай штабын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Ажлын хэсгийнхэн хариуцсан гудамжныхаа бүх ажилд анхаарал хандуулж ажиллах ёстой. Гэрэлтүүлгийн шон, худгийн таг, ногоон байгууламж, хог хаягдал гээд орхих асуудал нэг ч байж болохгүй. Ирэх бямба гаригт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна.
Ажлын хэсгийнхэн хариуцсан гудамжныхаа аж ахуйн, байгууллагуудад орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэйг сануулж, хяналт тавих шаардлагатай. Дур мэдэн барьсан хайс хашаа хашлага, сурталчилгааны самбар, түргэн үйлчилгээний цэгүүдийг цэгцэлж, энэ ажилд дүүргүүд илүү анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй” хэмээв.
Сэтгэгдэл байхгүй байна