Өглөө ажилдаа, үдэш гэр рүүгээ яаран алхаж буй та амьдарч буй орчноо цаг гаргаж, хэрэг болгон ажиглаад нэг үзээрэй. Гурав, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад хот өөрчлөгдсөн шүү. Эндээс цөөхөн өөрчлөлтийн талаар товчхон өгүүлье.
ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТЭЙ, ЭЭЖҮҮД АЖИЛТАЙ...
СӨБ хамрагдалт 100 хувьд хүрч социализмын гэх үеэс өвлөгдөж ирсэн 5 цэцэрлэгээ 8 болгов. 2014-2015 оны хичээлийн жилд 5 дугаар хорооны Багагүн хэсэгт 194 дүгээр цэцэрлэг үүдээ нээн гэр хороололд амьдарч буй бага насны хүүхдүүд өөрт ойр байшин цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон. Тэгвэл 2015-2016 онд 193, 235-р цэцэрлэгүүд үүд хаалгаа нээснээр СӨБ хамрагдалтыг 100 хувьд хүргээл зогсохгүй, сувиллын анги нээн ажиллуулах боломжийг олгов. 2016-2017 оны хичээлийн жилд 5 дугаар хороо Нарийн хэсэгт дахин нэг цэцэрлэг үүдээ нээн хүүхдүүдээ хүлээн авна. Ингэхээр 24 цагийн болон яслийн анги нээгдэх боломжтой хэмээн дүүргийн удирдлагууд ярьж байна. Хүүхдүүд цэцэрлэгт хамрагдлаа. Цаана нь хүүхдээ хараад гэртээ байсан ээжүүд ажил хийх, амьжиргаагаа дээшлүүлэх боломж нэмэгдэж, цэцэрлэгт ажиллаж байгаа хүмүүс байнгын ажлын байраар хангагдаж байгаа гээд олон эерэг өөрчлөлтүүд гарч ирнэ.
ГЭР ХОРООЛЛЫГ ХАРААРАЙ...
Анх гэр хорооллын хашаанд дэд бүтэц аваачна гэдэг хачин жигтэй, холын мөрөөдөл хэмээн хүлээж авах хүн захаас аваад гарч байв. Хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд холбох ажлыг дүүргийн санаачлагаар 2013 оноос хэрэгжүүлж орон нутгийн хөгжлийн сангийн 510 сая төгрөгийн санхүүжилтээр дулаан цэвэр усны 17 худаг, 928м шугам, бохирын 26 худаг, 754м шугам татах ажлыг гүйцэтгэж 5 дугаар хорооны Нарийн хэсгийн 1-4-р гудамжны 51 айл төвлөрсөн шугамд холбогдон нүүрс түлэхгүй, утаа үйлдвэрлэхгүй, тохилог амины орон сууцад амьдарч байна. Мэдээж амьдарч байгаа орчин нь сайжирч, орон сууцнаас ялгаагүй шахам болж байгаал иргэд талархсан. Гэвч энэ ажил үргэлжилж чадаагүй. Иргэд үргэлжлүүлж өгөхийг хүсэн 2014 оны 6 дугаар сард дүүргийн ИТХ, болон Засаг даргад бичиг өгч байсан ч “Эдийн засгийн хүндрэл” гэсэн шалтгаанаар үргэлжлүүлж чадаагүй юм. Гэсэн ч энэ жилийн төсөвт 1 дүгээр хорооны Сургалтын задгай, Хуцаа, 4 дүгээр хорооны Жаргалант хэсгийг дэд бүтцэд холбох боломжийг бүрдүүлэхээр “Амтлаг” дэлгүүрийн орчим ЦТП барихаар 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө суусан байна. Энэ нь ажил үргэлжилж Багануур гэр хороолол нь дэд бүтэцжсэн УТААГҮЙ хот болох ажил үргэлжилнэ гэж итгэж байна. Тэгвэл 2015 онд 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 километр хатуу хучилттай зам барих ажлыг концессийн гэрээгээр “Ялгуусан” ХХК гүйцэтгэж эхлэн Тогос-Уул хэсгийн замын хучилтыг хийчихээд байгаа. Тун удахгүй энэ ажил үргэлжилж гэр хороололд 6,44 км хатуу хучилттай зам бий болно бизээ. Энэ замыг онцлон нэрлэхийн учир нь замын нийт өргөн нь 19 метр. Үүнээс авто замын өргөн нь 7 метр, явган зам нь 2.4 метр, 2 талдаа тус бүр 1 метр ногоон байгууламж, 5.2 километр дугуйн замтай байх юм. Хийвэл хийсэн шиг хийж бүхий л зүйлийг цогцоор нь хийхээр шийдвэрлэсэн хөрөнгө оруулалт болжээ гэдгийг хэн хүнгүй хэлнэ бизээ. Мөн гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүд гэртээ ойр цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлснийг дээр дурдсан. Үүний зэрэгцээ хүүхдүүд хаана амьдарч байгаагаасаа үл хамааран тоглох орчин нь стандартын байх шаардлагыг тавьж иж бүрэн тоглоомын талбай 4-ийг орон нутгийн хөгжлийн сангийн 268,314,698 төгрөгийн өртгөөр 2013 онд байгуулсан бол 2015 онд иргэдийн бүлгээр 2, 3 дугаар хороонд сагсан бөмбөгийн станлартын талбайг байгуулжээ. Хүн амьд явах эрхтэй. Амьд явах эрхийг хамгаалах хамгийн эхний алхам бол усан хангамж. Тэгвэл энэ чиглэлээр 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн 60 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 2, 3 дугаар хороонд, 2014 онд Жаргалант Рашаант хэсгүүдийн дунд “Мон Рубин” ХХК 38 сая төгрөгөөр, 2015 онд 5-р хорооны Их гүн хэсэгт “Финиш лайн” ХХК 35,5 сая төгрөгөөр тус тус усан сан байгуулсан байна. Ингэснээр жил бүр гэр хорооллын айл өрхийн усны хэрэгцээг хангах, иргэд гэрээсээ ойр газраас усаа авах боломж бүрдсээр байна. Бүгд төгс шийдэгдээгүй ч гэлээ, шийдээд явж байна. Бас нэг зүйлийг тодруулахад 1 дүгээр хорооны Сургалтын задгай хэсэгт “Ухаалаг худаг” 24 цагийн турш иргэдэд үйлчилж байна. Цахилгаан тасалдах, бүүдийсэн “юм” болчихоод бүдчүүлдэг үе Багануурчууд бидэнд байсан уу гэвэл байсаан. Энэ асуудлыг сүүлийн 3 жилд шийдвэрлэж 2013 онд Тогос-Уул хэсэгт Засаг даргын нөөц сангийн 50,000,000 төгрөгөөр, 2015 онд 3-р хорооны Хилчин, 5-р хорооны Бага гүн, Их гүн хэсгүүдэд 104,285,664 төгрөгөөр цахилгаан хангамжийг сайжруулсны дээр улсын төсдийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Байдлаг дэд станцыг шинэчилжээ. Ингэснээр гэр хорооллын айл өрхүүдийн ая тухтай, аюулгүй амьдрах боломж бүрдлээ. ГЭР ХОРООЛЛЫГ ХАРААРАЙ. Айлууд эхнээсээ дэд бүтцэд холбогдсон амины орон сууцандаа амьдарч, хүүхдээ ойрхон цэцэрлэгт өгөн, өвгөд нарлах, үрс маань тоглох талбайтай болж, хатуу хучилттай замтай, хэзээ ч очоод үйлчлүүлж болох усан сангуудтай, тогноос болж торох зүйлгүй болж байна. Үнэхээр алслагдсан анхаалын төвөөс хол дүүрэг биш хаана нь ч очсон хүмүүсийн амьдрах орчин таатай хот болон хөгжиж байна. ГЭР ХОРООЛЛЫГ ХАРААРАЙ. ӨӨДРӨГӨӨР ХАРЪЯ. МАНАЙ ХОТ ГОЁ БОЛЖ БАЙГАА.
БАЙРНУУДЫН ДУНДАХ ТОХИЖИЛТООС 2 ДУГААР КОНТOР ХҮРТЭЛ...
Энэхүү нийтлэлийг бичигч би 2013 оноос хойш хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон бодлогын шинэчлэлтийн талаар дурдаж байгааг эрхэм та бүхэн анзаараа бизээ. Тэгвэл 2013 оноос хойш Наран хороололд юу өөрчлөгдсөн юм бэ? Магадгүй мөнгө нь байвал энэнээс илүүг хийх байсан гэх маргалдагч этгээд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Хэн ч ордоггүй нийтийн бие засах газраас илүү хэрэгтэй хөрөнгө оруулалтууд байгаа учраас бичиж байна. 2008-2012 онд байрнуудын дунд хийгдсэн тохижилтын ажлын талаарх мэдээллийг товч хүргэе. 6-9 дүгээр байрны орчмын тохижилт, 13-18-р байрны тохижилт, 20-25 дугаар байрны орчимыг энд хамааруулан ойлгож байна. Харин 2013 оноос хойш байруудын дунд ямар тохижилтууд хийгдэв. 2013 онд 32-38 дугаар байр, 2015 онд 10-16 дугаар байрны орчмыг орон нутгийн хөгжлийн сангийн 220 сая төгрөгний хөрөнгөөр жишиг байдлаар тохижуулсан билээ. Хүүхдүүд шавсан олны хөлийн газар болж хувирсан тэр хэсэг. Мөн 2013 онд 8, 9, 31, 39, 46-р байрнуудын орчмыг 151,8 сая төгрөгөөр ногоон байгууламжтай болгосон гэсэн статистк тоо байна. Тоо байх ч юу байхав зундаа хэрхэн ургаж байгааг ямар хараагүй биш. Ногоон байгууламжид мөнгө зарцуулах нь зүйн хэрэг. Бид хүчилтөрөгчөөр амьсгалж л байгаа юм чинь... Наран хорооллын тохижилт гэсэн “малгайнд” 2013-2014 оны “Боловсролын гудамж”, 2015 оны 125 дугаар сургууль хүртэлх, “Гүн галуутайн гудамж” гэсэн төслүүдийг багтааж байна. Гүн галуутайн гудамж дуусаагүй байгаа ч Боловсролын гудамжнаас дутахгүй бүтээн байгуулалт болно гэж итгэж байна. Өмнө нь хийсэн туршлага, арай уруудуулчихгүй бизээ. Дусаал гоождог дээвэр бол толгойны өвчин. Нэг хоёр жилийн хугацаанд дүүргийн 70 гаруй байрыг бүгдийг нь дусаал гоождоггүй болгоноо гэвэл үлгэр. Гэхдээ жилдээ ганц нэгхэн байранд биш, чадах ядахаараа хөөцөлдөж улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан гээд хөрөнгө тусгаж болох газар бүрээс санхүүжилт авч асуудлыг шийдэхийн төлөө явах л ёстой. 2013 оноос хойш “сак” болсон гэж хэлэх гээд байгаа юм биш. Тоонуудыг нь баримтаар танд хүргэе. 2013 онд 26-р байрны 1, 2-р орц, 31-р байрны 3, 4-р орц, 44-р байрны 1 дүгээр блок, 55-р байрны 1 дүгээр блок, 21-р байрны 3, 4-р орц, 22-р байрны 3, 4-р орц, 7-р байрны 5,6-р орц, 18 дугаар байрны 3, 4-р орц, 19-р байрны 1, 2-р орц, 46-р байр 3, 4-р орц, 2014 онд 3, 16, 20, 24, 38, 47, 56-р байрнуудын дээвэр, 2015 онд 17-р байрны 1, 2, 5, 6-р орц, 23-р байрны 1, 2-р орц, 5-р байрны 1, 2-р орц, 32, 52, 54-р байр дүгээр байрнуудын дээврүүдийг зассан гээд ЗДТГ-аас гаргасан тайланд дурджээ. Бүр зассан дээврүүдэд 10-15 жилийн баталгаа өгч байгаа гэсэн. Багануур маань 35 жилийнхээ түүхэнд 2 удаа хөлдөж байсан гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэгвэл энэ эрсдлийг арилгаж 2013-2014 онуудад улсын төсвийн 3,7 тэрбум хөрөнгө оруулалтаар үл хамаарах схемд шилжүүлэх ажлыг хийсэн нь Наран хороолол төдийгүй Багануурчуудын өсөн нэмэгдэх хэрэгцээг хангасан чухал ажил. Үл хамаарах схемд шилжсэнтэй холбогдуулан техникийн шаардлагаар станцын сүлжээний насосыг “хувьсах зарцуулалтын насос”-д шилжүүлэх техник технологийн томоохон шинэчлэлтийг 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн байна. Уг техникийн шинэчлэлтийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр станцын технологийн томоохон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээс гадна өртөг зардлыг хэмнэх ач холбогдолтой хэмээн албаны хүмүүс ярьж байна. Уг төхөөрөмжүүд нь олон улсын хэмжээнд сүүлийн үед өргөнөөр хэрэглэж буй, бүрэн автоматжсан дэвшилтэт технологи бөгөөд нэг айлын паар буудахад нийтээрээ хөлддөг байсан асуудал бүрэн шийдвэрлэгджээ.
/үргэлжлэл бий.../
Сэтгэгдэл байхгүй байна