• Эхлэл
  • ХҮНамын байранд тусгайгийнхан юу хийв

ХҮНамын байранд тусгайгийнхан юу хийв

2016/04/19

Дотроо зөрчилтэй гэгдэж байсан ХҮН-ийнхэн сая нэг юм учраа ололцож, анхны дарга С.Боргилынхоо удирдлаган доор нэгдэж байх шиг байна.

Байгуулагдангуутаа тун дажгүй имиж бүрдүүлээд “ягаан” ХҮН-ийнхэн Босоо гэгддэг УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намынхаа даргаар залснаар дотроо хуваагдан хоёр дарга, хоёр тамгатай болсон.

Намын нэлээд боловсролтой хэсгийнхэн гэгддэг залуус.С.Ганбаатараас тусдаа хуралдан Б.Найдалаа хэмээх өмнө нь Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан залууг даргаараа сонгосон. Гэвч Дээд шүүх хоёуланг нь намын даргаар бүртгэхээс татгалзан, дараа нь С.Ганбаатарын талынхан “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг даргаар сонгосон ч мөн л Дээд шүүх бүртгэхээс татгалзсан.

Эцэст одоогоор бол Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа анхны даргынхаа “туган дор” нэгдэхээр бололтой. Үүний өмнө ХҮН-ын албан ёсны пэйж хуудаст С.Ганбаатар хүмүүст эд зүйл тарааж байсан нь баримтаар батлагдаж баригдсан тул Сонгуулийн хуулиар сонгуульд оролцож чадахгүй боллоо гэсэн мэдээлэл явсан. Харин үүний дараахан хуваагдаад байсан ХҮН намынхан нэгдсэн учир Босоо Ганбаа яагаад дуугүй болов гэсэн асуулт дэгдээж, Сонгуулийн хууль зөрчсөнийг баримтаар нотолсон тул намын даргын суудлаар наймаалцаж, чимээгүй болжээ гэсэн хардлага төрүүлэхээр байна.

Түүнээс гадна өнөөдөр ХҮН намын гадаа “багахан” дуулиан дэгдэх шахжээ. Хотын А зэрэглэл Эрүүл мэндийн яамны урд талын “ёотон” шиг жижигхэн цагаан байшинд ягаан туг намируулах болсон. Хотын төвийн байшинг ийн намын байраа болгосон нь ч ХҮН-ийнхэн мөнгө ихтэй гэсэн яриаг хөгжөөх болсон билээ. Тэгвэл өнөөдөр 11:00 цагийн орчим ХҮН –ийн байрны гадаа тусгайгийн болон онцгой байдлын машин ирж, нохойтой цагдаа нар байр руу ороход намын байранд нэгжлэг хийж байна уу гэж тэр хавийнхан шуугилджээ.

А.Ану


Сэтгэгдэл байхгүй байна