Манай улсын зээлжих зэрэглэл дөрвөн жилийн хугацаанд дөрвөн удаа буурсан гэнэ-
Монголчууд өрийн тухай үнэн мэдээлэлд төөрөх болсоор удав. Зарим нь Монгол Улсын өр хэрээс хэтэрлээ хэмээн бухимдаж байхад нөгөө хэсэг нь “Бид өрийн дарамтад ороогүй” хэмээн гүйлдэх.
Гэвч бодит үнэн гэвэл сүүлийн хэдэн жил Монгол Улсын өрийн тухай мэдээлэл олны анхаарлыг татаж басхүү тэр олон тоо баримт, түүнийг гороолон ээлж дараалан болсон үйл явдлууд Монголын ард түмнийг эмзэглэхгүй байхын аргагүй нөхцөл байдалд хүргэчихээд буй нь өнөөдрийн үнэн юм.
Юутай ч эрхэм дарга нарын мэдээлснээр манай улсын нийт гадаад өр өнгөрсөн оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газарт хамаатай бол үлдсэн нь хувийн хэвшлийнхний гадаадаас авсан зээл, өр төлбөр аж.
Хамгийн гол нь хувийн хэвшлийнхний гадаадаас авсан зээл, өр төлбөр, хөрөнгө оруулалтын эрсдэлийг гадаадын зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид өөрсдөө хүлээдэг гэдэг утгаараа, Засгийн газар ямар нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээдэггүй гэсэн мэдээллийг Засгийн газрын тэргүүн өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы танхимд хэллээ.
Нэг ёсондоо тэрбээр дээрх өр, зээлийн дийлэнх нь Засгийн газарт хамаагүй учраас үүнд эмзэглэх хэрэггүй гэдгийг онцолсон юм. Тэгвэл түүний хийсэн мэдээлэлтэй эдийн засагчид санал нэгдэхгүй байгаа аж. Товчхондоо тэд манайхны авсан өрийн автор нь хэн ч байсан энэ нь дэлхий нийтэд Монгол Улсын өр болж харагдана. Энэ ч утгаараа холбогдох хүмүүс асуудлаас ингэж бултаж болохгүй. Дээрх мөнгийг хэн ч авсан бай Монгол Улсын Засгийн газарт энэ асуудал ямар нэг байдлаар хамаатай хэмээж байсан юм.
Тэгвэл өчигдөр цахим ертөнцөд өрийн тухай бас нэг дуулиан дэгдлээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийнхэн “Төв банк сүүлийн дөрвөн жилд “Чингис”, “Самурай” бондоос ч их хэмжээний мөнгийг БНХАУ-ын Ардын банкнаас зээлсэн” хэмээн мэдээлжээ.
Хамгийн сонирхолтой нь энэ мэдээллийг Монгол Улсын сайд М.Энхсайхан өлгөн авч “Энэ бол туйлаас үнэн” хэмээн тунхагласан нь яах аргагүй айдас төрүүлж байна. Мөн тэрбээр “2015 онцы эцэст Засгийн газрын векселийн үлдэгдэл 164.3 тэрбум, төсвөөс эргэн төлөгдөх концессийн өр 261 тэрбум төгрөг болоод байна.
Өөрөөр хэлбэл, нэг жилд 1000 цэцэрлэг барих мөнгийг зээлийн хүүнд өгдөг туйлын эмгэнэлтэй байдал үүслээ” гэх мэдээллийг баталгаажуулж “Үнэн” гэсэн “тамга” дарсан нь яах аргагүй анхаарал татаж байна. Учир нь М.Энхсайхан хувь хүнйихээ хувьд Монгол Улсын топ эдийн засагчдын нэг. Басхүү Монгол Улсын сайд гэдэг утгаар нь түүний үгийг олон нийт “тамга” хэмээн хүлээн авч буй нь үнэн юм.
Тэгвэл дайран дээр давс гэгчээр бас нэг таагүй мэдээлэл өнгөрсөн долоо хоногт энэ сэдэв дээр хачир нэмсэн. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний гурван сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88.3 хувийн, нийт зарлага 73.8 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 461.0 тэрбум төгрөгөөр бага гарсан гэх мэдээлэл юм.
Юутай ч холбогдох албаныхны мэдээлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1 их наяд 95.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.7 хувиар буюу 145.8 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 10.9 хувиар буюу 134.2 тэрбум төгрөгөөр бага гарчээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2 их наяд 317.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 1 их наяд 710.9 тэрбум төгрөгийн буюу 73.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан аж.
Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 23.0 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 325.5 тэрбум төгрөгийг тус тус төлж, 134.6 тэрбум төгрөгийн гадаад төслийн, 495.8 тэрбум төгрөгийн гадаад хөтөлбөрийн зээл тус тус авчээ. Засгийн газрын 507.5 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод, 23.3 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна” гэжээ.
Эндээс харахад манай улсын эдийн засаг тийм ч сайнгүй байгаа гэсэн бас нэг нотолгоо юм. Тэгвэл биднийг дотооддоо ийн бужигнаж, хөл толгойгоо олохгүй хөлөө жийлцэн суух зуур олон улсын агентлагууд муу түн тавьсан гэх. Тодруулбал, “Стандард энд Пүүрс”, “Мүүдиз” зэрэг олон улсад нэр хүндтэй агентлагууд л гэхэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд манай улсын зээлжих зэрэглэлийг дөрөв дахин бууруулсан байх юм.
Үүнээс гадна “Financial Times” сонинд манай улсыг ДНБ-д эзлэх гадаад өрийнхөө хэмжээгээр дэлхийд Исландын дараа хоёрдугаар байранд орж байгааг зарласан тухай зарим эх сурвалж мэдээлж буй нь үнэндээ олон хүний айдас төрүүлж байгаа. Бас бид үнэхээр өртэй юу эсвэл энэ бүхэн зүгээр л улс төрийн шоу юу хэмээн гайхшарч суух зуур бас нэг өр нэмэгдлээ.
Тэр нь өчигдөр Хөгжлийн банк нь ОХУ-ын “ВТБ” банктай худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулж улмаар 300 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг жилийн 7.6 хувийн хүүтэйгээр авлаа гэх мэдээлэл юм.
Сэтгэгдэл байхгүй байна