• Эхлэл
  • “Мартагдсан” сэжигтнүүдийг хуулиар суллана

“Мартагдсан” сэжигтнүүдийг хуулиар суллана

2016/04/20

УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хурал нээлттэй сонсгол хэлбэрээр явагдав. Үүнл  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хууль сахиулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Сонсголд дэд хорооны дарга Л.Болд, гишүүн Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Ж.Батзандан болон Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж болон Улсын прокурорын орлогч Эрдэнэбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дэд дарга Г.Туулхүү, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр бусад хүний эрхийн байгууллагынхан, иргэний нийгмийн байгууллагууд, гомдол ирүүлсэн зарим иргэд оролцсон.

Хэлэлцүүлгийн үеэр Д.Булганы асуудал нэлээд хурцаар хөндөгдсөн. Д.Булганы биеийн байдал сайнгүй байгаа тул шинжилгээ өгч, эмчлүүлэх хүсэлт гаргасан тухай дэд хорооны гишүүд хэлсэн юм. Гэтэл ШШГЕГ-ын дарга Туулайхүү “Д.Булган долоон хоногийн өмнө 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт 14 хоногт хэвтэн эмчлүүлээд буцсан” гэсэн мэдээллийг өгсөн. Хачирхалтай нь, энэ талаар хэн ч мэдээгүй байсан нь анхаарал татсан юм.

Түүнчлэн Төв аймгийн урьдчилан хорих байранд ганцаараа нэг камерт хоригдож байгаа бөгөөд усанд оруулдаггүй, хувцасыг нь сольдоггүй гэх мэдээллийг ШШГЕГ-ынхан няцаав. Хүний эрхийн үндэсний комисс болон прокурорын байгууллагаас хяналт тавьж ажилладаг бөгөөд Д.Булганы эрх зөрчигдөөгүй гэх мэдээллийг өгсөн. Гэвч Хүний эрхийн дэд хорооныхон итгээгүй юм. Харин камер нь нэмэх тэмдэг бүхий дөрвөн өдрийн гэрэлтэй бөгөөд өдөр шөнөгүй асч байдаг аж.

Хэдийгээр наран талын өрөөнүүд бүдэг, сүүдэр талынх тод гэрэлтэй байдаг ч Д.Булганы өрөө гойд тод гэрэлтүүлэгтэй байсныг гишүүд хэлсэн. Мөн ариун цэврийн өрөө нь үүдэндээ олны нүдэн дээр ил байсан нь хүний эрх хэрхэн хөсөр хаягдаж байгааг бататгах хангалттай шалтгаан гэдгийг Ц.Оюунгэрэл гишүүн шүүмжилсэн юм. Гишүүдийн шүүмжлэлийг Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хүлээн зөвшөөрч, холбогдох байгууллагынханд үүрэг өгч камерын гэрэлтүүлэг болон ариун цэврийн өрөөны байдлыг харгалзан үзэхээ “амлав”.

Энэ үеэр Тахарын албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд “өгөх”-өөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд тусгасан нь багагүй маргаан дэгдээв. Гэрч, хохирогчийг хамгаалах үүрэгтэй Тахарын албаны хүн хүч, техник хэрэгслийн хүчин чадал мөхөсдөж 330 суманд хүрч ажиллахад хүндрэлтэй байгаа тул ийнхүү шийдвэрлэх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзсэн аж.

Гэвч Хүний эрхийн дэд хорооны гишүүд тийм ч таатай хүлээн авсангүй. Зүй нь Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүн Д.Булгантай уулзахаар Төв аймгийн хорих ангид очиход Тагнуулынхан уулзахад нь хориг саад тавьсан. Тиймдээ ч ШШГЕГ-т хэзээ тагнуулынхан “үүрлэчихсэнийг” Ц.Оюунгэрэл гишүүн лавлав.

Ганц Д.Булган гэлтгүй Л.Гансүх, Т.Лхагвасүмбэрэл нарын хэрэг дээр ч мөн ялгаагүй АТГ, Тагнуулынхан голлож ШШГЕГ-ынхан туслах дүр бүтээснийг тэрбээр онцолсон. Хэрэв Тахарын албыг ширээ сандлын хүрэлцээ, техник хэрэгслийн боломжгүйгээс болж нэг байгууллагад шилжүүлэх хэрэгтэй бол татан буулгах хатуу сануулгыг ч тэрбээр цухалзуулсан.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Тахарын албыг үндсэн үүргээр нь ажиллуулахын тулд ШШГЕГ-ын харьяанд өгөхөөс өөр аргагүйг тодотгож, бие даалгах боломжийг эрэлхийлж байгаагаа ч хэлэв. Харин ШШГЕГ-ын тухайд Тагнуул, АТГ гэх мэтчилэн тухайн сэжигтнийг цагдан хорихоор авчирсан газрын шийдвэрийг дагадаг болохыг онцлов.

Эмгэнэлтэй гэмээр нэг зүйл нь сэжигтнийг хуулийнхан цагдан хориод “мартдаг” явдал. Д.Булганыг оны өмнө нэг удаа байцаасан аж. Он гарсаар дахин байцаагаагүй гэнэ. Иймэрхүү байдалтай хэд хэдэн хүн байгааг дэд хорооны гишүүд хэлэв. Улстөрчид, төрийн нарийн бичгийн дарга, төрийн өмчит компанийн захирал ч тэнд байсан гэнэ.

Тэр ч бүү хэл, төрийн өмчит компанийн захирлыг хүний амь хөнөөсөн этгээдтэй нэг камерт хорьж байгааг ч онцолсон. Иймээс энэ бүхнийг дээрх хуулийн төслүүдээр засч залруулах хэрэгтэйг дэд хорооны дарга Л.Болд тодотгосон. Хуулийн төсөлд энэ талаар оруулахдаа тухайн хэргийг 18 сарын дотор шүүхэд шилжүүлэхээр тусгажээ. 

Ер нь хүний эрхийн мэдрэмжгүй, ариуны цэврийн өрөөг олны нүдэн дээр байрлуулсан тохиолдлууд хорих ангиудад түгээмэл байдгийг Улсын прокурорын орлогч хүлээн зөвшөөрсөн. Иймээс энэ талаар хуулийн төсөлд ч тодорхой хэмжээгээр тусгаж байгаа гэнэ. Дээрх хуулийн хүрээнд сэжигтэн өөрөө хэргээ хүлээснээр шууд яллахгүй.

Заавал нотлох баримттай байх шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн хавтас хэргийг прокурор, өмгөөлөгч хянасны дараа шүүхэд шилжүүлж, ямар нэгэн гомдол гаргасан тохиолдолд хянан үзэх зайлшгүй шаардлагыг тусгасан гэнэ. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн саналуудыг ч хуулийн төсөлд тусгасан тухай Хууль зүйн сайд хэлэв.

Нээлттэй сонсголын үеэр хөндөгдсөн нэг асуудал нь өмгөөлөгч. Өмгөөлөгч нэр төдий зүйл болсныг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэлсэн. Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ харилцах боломж хумигдсан гэнэ. Хуулийн байгууллагынхан өмгөөлөгчтэй нь уулзуулахаас татгалздаг, шаардсан тохиолдолд цонх гаргаж өгөх төдийхнөөр ажилладаг аж.

Мөн өмгөөлөгчийг дарамталдаг байдал ч газар авчээ. Түүнчлэн “Наад хүн чинь зугтчихна, оргочихно” гэх мэтчилэн шүүгчийг айлгах байдлаар сэжигтнийг цагдан хорьдог гаж үзэгдэл бий болсон гэв. Иймээс өмгөөлөгчийн асуудлыг тусгайлан авч үзэхийг сануулсан.

Цаашлаад сэтгэл санааны хохирлыг огтхон ч тооцдоггүй. Жишээ нь, Ховд аймагт согтуу жолооч хоёр, гурван хүнийг дайрч, амь насыг нь хөнөөсөн атал өршөөлийн хуулиар суллачихсан. Цэцэрлэгийн байрны хоёрдугаар давхраас хоёр настай бяцхан үрийг нь унагаж эрэмдэглэсэн атал багшид торгууль оногдуулж, өнөөх нь улсын орлого болоод өнгөрсөн төдий.

Хохирсон хүүхдэд нэг ч төгрөг өгөөгүй. Эмчилгээний мөнгөний талаар ярихаар баримтаа аваад ир хэмээгээд буцаадаг байна. Гадагшаа явж эмчлүүлэх шаардлага гарсан талаар хэлбэл эмчлүүлчихээд баримтаа аваад ир гэх байдлаар ханддагийг хуулиар зохицуулахыг ч сануулсан.

Хүний эрхийн дэд хорооны хурал гурван цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн. Энэ үеэр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон гомдол гаргасан зарим иргэний төлөөлөл ч үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, Малайзад хэрцгийгээр хєнєєгдсєн талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу үг хэлсэн.

Охиныхоо амиа алдсан асуудлаар 10-аад жил 400 гаруй өргөдөл Монголын төрд хаягласан ч сэтгэл дундуур явдгаа хэлсэн. Харин өчигдрийн нээлттэй сонсголоор хуулийн байгууллагын дарга нарыг байлцуулан өөрийнх нь үгийг сонсгосонд Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болдод талархав.


Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    хуулийн хүрээнд сэжигтэн өөрөө хэргээ хүлээснээр шууд яллахгүй.
    Заавал нотлох баримттай байх шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ. гэх юм. одоо ч нотлох баримттай тохиолдолд л хэргийг шийдвэрлэж бгаа шд
    2016 оны 04 сарын 21