Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг Зуун модны рашаан, Сэлбэ голын эх судас устах аюулд хүрээд байна. “Донж хаус” ХХК Зуун модны рашааны эх дээр буюу намагтай газар хауснууд барьж эхэлсэн байна. Барилгын ажлаа хийхдээ автомашин орж гарах гарц байхгүй учраас иргэдийн хашааг эвдэж хүнд даацын автомашинаа хүчээр оруулжээ. Иргэдийн газар руу хашааг нь эвдэн орж өмч хөрөнгөнд нь халдсан хэрэг болж байгаа тул хохирсон иргэд шүүхэд нэхэмжлэл гаргахаар болоод байгаа аж.
Анх хашааг нь эвдээд байна гэсэн хөршүүдийнхээ дуудлагыг аваад хашаагаа эвдүүлсэн иргэд өчигдөр ажлынхаа дундуур яаран гүйж очиход “Донж хаус”-ын ажилчид хашааг нь эвдээд газар буулгачихсан, хүнд даацын машинаа оруулчихсан байжээ. “Донж хаус” ХХК-ийнхан Зуун модны рашаан эх сав газарт 20 гаруй байшин барих ажлаа өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлжээ.
Усны эх, битүү намаг, цэвдэгтэй хотхон барьж буй газар нь рашааны эх булаг бөгөөд Сэлбэ голын гол амин судас гэгддэг. Ийм газар байшин барих гэж байгаа нь байгаль орчны тухай хуулийн олон заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа бөгөөд холбогдох газрын алба болон байгаль орчны байгууллагуудаас зохих зөвшөөрлөө авсан гэж тус компанийнхан хэлж байгаа юм. Хэрэв албан ёсны газрын зөвшөөрөлтэй болж таарвал Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэн гэдэг албан тушаалтан хууль зөрчиж хувийн компанид газар олгов гэдэг асуудал яригдана. Ийнхүү Зуун модны рашаан ширгэж татрах аюулд орсон байгаа бөгөөд намагтай газар баригдаж буй хаусыг худалдан авсан иргэд эргээд хохирох эрсдэлтэй юм.
Б.ОДМАА
Сэтгэгдэл байхгүй байна