• Эхлэл
  • АЕПТ-ийн уулзалт эхэллээ

АЕПТ-ийн уулзалт эхэллээ

2016/04/21

Ази, Европын Парламентын түншлэлийн есдүгээр уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж, хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт энэ оны долдугаар сард манай улсад болох бөгөөд уулзалтын хүрээнд хэд хэдэн хурал болохын нэг нь энэ юм.

Энэ уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны чухал бүтэц юм. АЕПТ-ийн уулзалт нь хоёр жил тутамд Ази, Европын орнуудад АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын өмнө зохион байгуулагддаг. 

Уулзалт өөрийн хурлын дэгтэй бөгөөд уулзалт бүр тодорхой сэдвийн хүрээнд нэгээс хоёр өдөр үргэлжилдэг. Нэгдсэн хуралдаанаас гадна салбар хуралдаанууд эдийн засаг, улс төр, нийгэм-соёл гэсэн АСЕМ-ын үндсэн гурван тулгуур чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр явагддаг.

АЕПТ-ийн уулзалт Ази болон Европын орнуудын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжин өргөжүүлж, АСЕМ-ын үйл ажиллагаанд парламентын оролцоо, гүйцэтгэх үүрэг, боломж бололцоог онцолдог.

Өмнөх буюу наймдугаар уулзалт Итали Улсын Ром хотод 2014 оны аравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд “Ази-Европын түнш орнуудын харилцаа, тогтвортой хөгжил болон засаглалын тогтолцоог бэхжүүлэхэд Парламентын гүйцэтгэх үүрэг” сэдэвтэй зохион байгуулагдсан.

Уулзалтад 40 гишүүн орны төлөөлөгчид оролцсон бөгөөд “Эдийн засаг ба төрийн санхүүгийн бүтэц”, “Тогтвортой хөгжил ба хүнсний аюулгүй байдал” гэсэн асуудлаар хуралджээ.

Найм дахь удаагийн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Монгол Улс барааны чөлөөт урсгал, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, тээврийн дэд бүтэц, хилийн боомтуудын саад бэрхшээлийг багасгах зорилготой хууль тогтоомж болон дүрэм журмыг нэвтрүүлэхийг дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн бөгөөд дараагийн уулзалтыг өөрийн улсдаа зохион байгуулах хүсэлтийг гаргасан байна.

Ингэхдээ Ази болон Европын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр тивийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын оролцоо, боломжийг онцолж байв.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж дараах арга хэмжээ, уулзалт, чуулганууд зохион байгуулагддаг. Үүнд:

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт /2016.04.21-22/

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт /2016.05.12-13/

АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт /2016.06.09-10/

Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт /2016.06.20-21/

Ази-Европын ард түмний 11 дүгээр чуулга уулзалт /2016.07.04-06/

АСЕМ-ын Загвар чуулган 2016 /2016.07.06-10/

Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт /2016.07.07-08/

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт /2016.07.12-14/

Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт /2016.07.13-14/ тус тус болно.


Сэтгэгдэл байхгүй байна