• Эхлэл
  • Төрийн албаны төрлийн хэлхээг устгана

Төрийн албаны төрлийн хэлхээг устгана

2016/04/21

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ хаврын чуулганы хүлээлттэй хуулийн нэг нь Төрийн албаны тухай хуулийн төсөл юм. Хэрэв энэ хууль өргөн барьсан төслийн хүрээнд батлагдвал аль нэг сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хоморголон халдаг, төрлийн албаар дүүргэдэг байдалд цэг тавигдах учиртай.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хэв маягийг халах юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хэд хэдэн санал гаргасан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлс гэдэгт албан үүрэгтэйгээ холбогдуулж нам, шашны үйл ажиллагаанд төрийн алба хаагчийн хувьд оролцох, улс төрийн сонгуульт албан тушаал эрхлэх гэх зэрэг асуудалтай хутгалдсан байна.

Уг нь эдгээр асуудлыг Улс төрийн намуудын тухай хуулиар зохицуулсан заалттай. Хэрэв иймэрхүү байдлаар хольж хутгавал сайн дэвшил болж чадахгүй.Тиймээс энэ заалтыг хасах санал оруулж байна” хэмээсэн. Түүний саналыг Х.Тэмүүжин гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Зүй нь иймэрхүү хутгалдсан заалтууд хэд хэд бийг ч тэрбээр тодотгосон.

Жишээ нь, “Маргаан шийдвэрлэж байгаа хуулиа нэг болгохгүй бол төрийн албан хаагчийг халах маргаан Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар яваад байдаг. Өөрөөр хэлбэл, мөн л холилдоод байна” гэдгийг тэрбээр  сануулав. Мөн төрийн албан хаагчдад хариуцлагын ямар төрөл байхыг нарийвчлан тогтоохгүй бол торгох, эсвэл захиргааны хариуцлага тооцдог системээр баривчлах хандлага ажиглагддаг гэв.

Харин гишүүн Ж.Батзандан төрийн албан хаагч нэрээр 120 гаруй мянган хүнийг хашаанд шахчихаад илүү цагийн мөнгө ч өгдөггүй, хэн нэгэн албан тушаалтны дарангуйлалд байлгаж байдгийг онцлов. Түүнчлэн дэлхий нийтийн жишгээр сүүлийн таван жил улс төрийн албан тушаал хашаагүй, аль нэг намын гишүүнчлэлгүй хүнийг төрийн албанд томилдог аж.

Хэдийгээр манайд төрийн албан хаагч намын харьяалалаас татгалзах хуулийн зохицуулалттай ч ганц өдрийн өмнө татгалзснаар жинхэнэ төрийн албан хаагч болох уу гэдэг асуудал хөндөгдсөн. Үнэхээр ч иймэрхүү гаж үзэгдэл бийг байнгын хорооны гишүүд хүлээн зөвшөөрч, хуулийн төслийг өөрчилсөн юм шиг өөрчлөхийг чухалчилсан.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Манай төрийн алба чинь тэр вангийн, тэр тайжийн, тэр компанийн, тэр яам, тэр гишүүний лиценз өгдөг газар ч гэх шиг. Ийм замбараагүй болчихсон юм уу. Үүнийг болих хэрэгтэй.

Төрийн албан хаагчид тав, арван жил ажиллаад тушаал дэвшдэг. Гэтэл гадаадад эмнэлгийн шал угааж байсан нөхөр ирээд яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байна. Ийм байж болох уу. Хамжлагын тариачид төрийн албанд олон бий шүү. Эцэст нь хамаг ажил хийдэг хүмүүст хариуцлага оногдуулаад, дээр нь сууж байгаа хүн “Нүдэн балай, чихэн дүлий” өнгөрдөг явдал бий шүү. Үүнийг сайтар тооцож зохицуулалтаа оруулж өгөх хэрэгтэй гэсэн юм.

Ийнхүү гишүүд үг хэлж, саналаа илэрхийлсний дараа Хууль зүйн байнгын хорооноос гарсан зарчмын санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    turiin ajild shine tugsuj irsen zaluu huniig dadlagajuulaad avahiin orond henii hamaatan ard ni hen baigaa ve geed havchij ajil hiih uram zorigiig mohoodog turliin helheegeer orson humuus zaluuchuudiig yos zuigui ugeer helj doromjlon danalzaad suudag ni herees hetersen. tomchuudiin chadvargui huuhduud ehneruud ajil hiisen bolj mood zagvar brend yarij ursulduj ulsiin mungiig idej suudag gazar bolsonoos Mongol hugjihgui baina
    2016 оны 04 сарын 22
  • Зочин
    unshsan sedew bugd l huniig buhimdald oruulakh yum
    2016 оны 04 сарын 22
  • бат
    мєн Сїхбаатар сум нь ч ялгаагїй
    2016 оны 04 сарын 21
  • сэсэ
    Сэлэнгэ аймгийн ЗДТГ бол аав ээж хїїхдийн ордон ш дээ
    2016 оны 04 сарын 21