• Эхлэл
  • Зах зээлийн шуурганд сөхөрсөн хөнгөн үйлдвэрээ сэргээе

Зах зээлийн шуурганд сөхөрсөн хөнгөн үйлдвэрээ сэргээе

2016/04/22

Монголчууд бид нэгэн үе үйлдвэрлэгчид байв. Өөрс­дийн гараар гутлаа, хувц­саа оёж, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг торолгүйгээр үйлдвэрлэж тэр ч бүү хэл малын арьс ширээ дотооддоо боловсруулан савхин хувцас үйлдвэрлэж гангардаг байлаа. Басхүү махаа боловсруулан лаазалсан бүтээгдэхүүн бол­гож, чихрийн, гурилын, талх­ны үйлдвэрүүд дотоо­дынхоо хэрэгцээг ямар ч асуудалгүй хангаж байсан алтан дурсамж бидэнд бий.

Гэвч 1990 он буюу монголчууд зах зээ­лийн нийгэмд шилжих үед хөн­гөн үйлдвэрийн салбар тэр чигтээ уналтад орж, харин бид импортлогч улс болж зүсээ хувиргасан юм. Бидний импортлогч болсны баталгаа нь манай улс нийт хэрэглээнийхээ 88 орчим хувийг импортоор авдаг бол мах, гурил, ногоо гэх мэт­чилэн 12 орчим хувийг нь өөрсдөө үйлдвэрлэж байна гэсэн тоон мэдээ.

Мөн үүнээс гадна ур­гам­лын тос, хүнсний бү­тээг­дэхүүн, мод, модон эдлэлээс гадна хэд­хэн жилийн өмнө монгол­чуу­дын бахархал болж бай­сан нэхмэл болон нэх­мэл бүтээгдэхүүн, гутал хувцсыг импортоор авахын тулд жилд 468 сая ам. доллар зарцуулдаг гэсэн тоо баримт байгаа юм. Учир нь манай улсын эдийн засаг хүндэрч,  өрөнд орсон гэдгийг хэн хүнгүй хэлж буй.

Иймээс эдийн засагчид “Монголчууд “Чингис” бондын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг гадагш нь өгч байна. Иймээс өөрсдөө хөн­гөн үйлдвэрлэлээ хөг­жүүлэх ёстой” хэмээн ярьж, энэ ажлыг төрөөс зайлш­гүй дэмжих шаард­лагатай болсныг өгүүлж буй юм. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын­хан бас нэг таагүй мэ­дээ дуулгаж буй нь им­портоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой. 

Тодруулбал, манай улсын 26-64 нас­ныхны 61.9 хувь нь цусан дахь нийт холестерины хэмжээ ихэссэн. Монголын ирээдүй болсон бяцхан үрс буюу нярайн 10  амьд төрөлт тутмын нэг нь хорт хавдар болон төрөлхийн ямар нэг гажиг согогтой, генийн өөрчлөлттэй хорвоод мэндэлж буй нь хамгийн их сэтгэл зовоосон асуудал болсныг дуулгасан.

Үүнээс гадна сүүлийн үед монголчуудын айдас болчихоод буй хорт хавдрын өвчлөл эрс залуужсан, таргалалт, тэ­жээ­лийн доройтол  нэ­мэг­­дэж есөн хүн тут­мын нэг нь илүүдэл жин­­тэй эсхүл, жингийн ал­дагдалтай байгаа бө­гөөд энэ бүхний гол шалт­гаан нь хөдөлгөөний хомс­дол, орчны бохирдол, хүнс­ний аюулгүй байдал ал­дагдсанаас үүдсэн гэдгийг хэлж байгаа юм. Нөгөө талаар энэ тоо баримтаас манай төр засаг хөнгөн үйлд­вэрийн салбарт анхаа­рал хандуулж, сэргээх болс­ныг сануулж буй дохио гэж ойлгож болно.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гишүү­ний­­хээ хувиар “21:100” үйлд­­вэр­жилтийн бод­лого дэвшүүлжээ. Тэр­бээр энэ тухайгаа хүнд болон уул уурхайн үйлдвэрлэл зогсонги байдалд орсон энэ үед хамгийн хурдан хугацаанд бүтээн босгож болох хөн­гөн үйлдвэрлэлийн сал­барыг хөгжүүлэх ёс­той гэж тайлбарласан.

Товч­хондоо өмнө цаасан дээр салангид байсан аж үйлд­вэрийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бич­гүүдийг Монгол Ул­сыг 2030 он хүртэл хөг­жүүлэх бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримт­лах бодлого, Үйлд­вэржилтийн тухай хууль зэрэгт зангидаж, тодор­хой бодлоготой болсон. Тиймээс эдгээр баримт бичгүүдэд үндэслэж, “21:100” хөнгөн үйлдвэр­жил­тийн бодлогыг гарга­сан тухайгаа онцолж бай­сан юм.

Мөн тэрбээр “Бид 56 сая малтай, малын тоогоороо дэлхийд тэр­гүүлдэг гэх атлаа гад­наас сүү авч ууна гэдэг эмгэнэл” гэсэн бөгөөд сүү­лийн жилүүдэд Оюу­толгой, Тавантолгой гэж туйлширснаас хөнгөн үйлд­­вэрийн салбарыг мал аж ахуй, газар тариа­лангийн бэлэн түүхий эдэд тулгуурлан хөгжүүлэх асуу­дал орхигдсон. Тий­мээс өр тавьдаг биш, өөрс­дөө хийдэг болох ёстойг сануулсан. 

Үнэндээ түүний санаа­чилсан бодлого нэн даруй ажил болбол, 2021 он хүртэл хөдөө аж ахуйн, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, барилгын материал зэрэг паркууд бий болно. Мөн шинэ технологи нэвтрэх, ажлын байр бий болох, бүтээгдэхүүний өртөг буурч, стандарт чанар сайжрах гээд олон давуу талтай. Үүнээс гадна бүс нутгуудад ложистик, үйлчилгээний бизнес хөг­жих, хот хөдөөгийн хөгжлийн түвшний ялгаа багасах, сум бүрийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, нөхөрлөл хоршоод нь хөнгөн үйлдвэрлэлийн паркуудын бэлтгэн ний­лүүлэгч болох зэрэг олон боломжууд нээгдэх юм. 

Түүнчлэн парк байгуу­лах хөрөнгө оруулалтын тооцоог гаргасан бөгөөд 21 парк байгуулахад 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй аж. Тэгвэл Оюутолгойн ор­доо ашиглахад 21 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 5000 ажлын байр бий болох юм байна. Өөрөөр хэлбэл, 21 аймагт үйлдвэртэй болоход Оюутолгойд хийсэн хөрөн­гө оруулалтаас 42 дахин бага хөрөнгө оруулалтаар найм дахин их буюу 42 мянган  ажлын байр бий болно гэж тооцжээ.

500 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулж байгаа хөнгөн үйлдвэрийн салбар жилдээ таван их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болтлоо хүрээгээ тэлэх өөдрөг ирээдүй харагдаж байгаа аж. Ямартай ч тэрбээр энэ санаачлагаа төрийн бодлого болгож, “21:100” гэсэн нэртэй хууль болгон хэрэгжүүлнэ гэсэн.

Дашрамд сонирхуу­лахад хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүү­лэх уг бодлогыг 21:100 гэж нэрлэсэн нь учиртай. 21 гэдэг нь 2021 оноос өмнө 21 аймагтаа хөнгөн үйлдвэрүүдийн паркуудтай болох зорилт юм. Харин 100 гэдэг нь 2021 оноос өмнө 21 аймагтаа 100 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх хөнгөн үйлд­вэрүүдтэй болсон байх зорилтыг нэрлэжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна