• Эхлэл
  • Эмч нар хариуцлага хүлээхгүй гэж хэлээгүй гэв

Эмч нар хариуцлага хүлээхгүй гэж хэлээгүй гэв

2016/04/26

Эмч нар өнөөдөр Чингисийн талбайд жагслаа. Тэд ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.1 дүгээр зүйлд "Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эсвэл 2-8 жил хорих ял эдэлнэ" гэж заасанг хэтэрхий чанга бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагатай адил гэж үзэж байгаа аж.

"Бид хариуцлага хүлээхгүй гэж хэлээгүй. Харин гагцхүү шударга ёсонд нийцсэн хариуцлага хүлээлгэхийг бид шаардаж байна" гэж жагсагчид хэллээ.

Энэ талаар Багануур Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийн ахлах сувилагч Б.Одгэрэл “Энэ хууль гарсанаар эмч нарын зүрх сэтгэлд айдас төрүүлж байна. Өнөөдөр хагалгаа хийж байгаа эмчийн гар нь чичирч байна. Бид шоронд орохоос үнэхээр байж байна шүү дээ. Энэ мэргэжлийг эзэмших гэж 7-8 жил сурахдаа эцэг эхийнхээ хамаг хөрөнгө мөнгийг шавхан байж энэ мэргэжлийг эзэмшчихээд хэзээ ч хамаагүй шоронд орох аюултай байна. Аймшигтай хууль гарсан байна гэдгийг хэлмээр байна. Эмч нар хэзээ ч ажлаа хаяж тэмцэж явж байгаагүй. Энэ удаагийнх бол үнэхээр тэмцэхээс өөр аргагүй байдал үүсээд байгаа юм. Цаг наргүй ажиллана тэгсэн атал цалин бага амралт ховор ажиллаж байхад хууль нь эмч нарыг боймолж байна” гэв.  

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн хорооноос Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцсэн 10 мянган эмч, эмнэлгийн ажилтны гарын үсэгтэй шаардах бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Шадар сайд, Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Ганбат, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын дарга З.Энхболд нарт хүргүүлэхээр Төрийн ордны зүг жагсан явсан юм.

Тэд уг шаардлагынхаа хариуг ажлын гурван хоногийн дотор буюу энэ сарын 29-нд авах юм байна. Хэрэв заасан хугацаанд шаардлагын хариуг өгөхгүй бол дараагийн арга хэмжээгээ авч тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна